ЧУУЛГАН: Намууд улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулбал улсаараа улс төржинө

ЧУУЛГАН: Намууд улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулбал улсаараа улс төржинө

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Яг одоо зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж байна.

Үүний өмнө хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Миний хувьд нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэх заалтыг  Үндсэн хуульд оруулахыг дэмжихгүй байна. Одоогийн намууд аймаг, сум, багт намын хороогоо ажиллуулж байна. Ийм бүтэц тогтолцоо нь улсын хэмжээнд улстөржилтийг дэвэргэж байгаа юм. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна гэж заачихаар намуудын одоогийн нөсөр бүтцийг хуульчилснаас ялгаагүй болчихно. Дээд шүүхэд бүртгэлтэй 32 нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулбал улстөржилтийг улам дэвэргэнэ. Нөгөөтэйгүүр жижиг намуудын хөгжил, төлөвшлийг хаасан үйлдэл болно. Монголчуудын эвлэлдэн нэгдэх суурь үзэл баримтлалыг дордуулсан заалт болно гэж үзэж буй учир дэмжихгүй байна. Үүнийг заавал Үндсэн хуульдаа оруулж өгөлгүйгээр улс төрийн намын тухай хуулиндаа оруулж өгч болно шүү дээ. Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах заалтыг хасах саналтай байна “гэлээ.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Үе үеийн намын дарга нар, түүнийг дагалдсан олигархиуд, цүнх баригч нар нийгмийг бохирдуулж байгаа. Эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө ардчиллыг сонгож байгаа юм бол энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулиндаа намын гишүүний тоог зааж өгсөн улс байдаггүй юм байна. Хоёр том нам зонхилдог орнууд байх ч, жижиг намуудынхаа гишүүний тоог хуульчилж тогтоосон нь үгүй. Дахиад 30-40 жил өөрчлөхгүй хэмжээний хууль хийнэ гэж ярьж байна. Гишүүдийнхээ саналыг сайн анхаарах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Үндсэн хуулийн өөрчлөлт дээр “Ирэх 20-30 жилд манай улсад ямар нэмэр болох вэ” гэдэг үүднээс хандах хэрэгтэй. Олон намууд цаашдаа яаж төлөвших вэ, жинхэнэ утгаараа функциональ хэлбэртэй байж чадаж байна уу, үзэл баримтлал нь тодорхой байна уу, намыг бүрдүүлж буй боловсон хүчний бодлого ямар байна вэ гэх мэт асуудлыг цогцоор нь харж саналаа өгөх хэрэгтэй байх. Улстөрийн нам байгаа бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Дөрвөн жил гэхээсээ 10, 20 жилийн туршид төлөвлөдөг байгаасай.Санхүүжилт нь далд байвал, авилгаас салж чадахгүй. Улс төрийн намыг сонгуульд иргэдээс авсан саналынх нь хэмжээгээр санхүүжүүлье” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.