СХД-т болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ДЭМЖЖЭЭ

СХД-т болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ДЭМЖЖЭЭ

Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэг /СХД/-т УИХ-ын нөхөн сонгууль болно. Иймд улс төрийн намууд есдүгээр сарын 05 гэхэд дотооддоо нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Удахгүй болох нөхөн сонгуулийн гол өрсөлдөөн МАН болон АН-ын хооронд болно гэж зарим эх сурвалжууд онцолж буй.

Тэгвэл өнөөдөр /2021.08.30/ АН-ын Сонгон шалгаруулах хороо хуралдаж, Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүл, Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нарын аль нэгийг нь дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Улмаар энэ долоо хоногийн Лхагва гараг буюу есдүгээр сарын 01-ны өдөр болох АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар дээрх хоёр эрхмийн дунд санал хураалт явуулж, нэр дэвшигчээ тодруулах аж.

Харин Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын нэр яригдсан байна. Иймд мөн ҮБХ-ны хурлаараа оруулж шийдвэрлүүлэхээр болжээ. Сонирхуулахад, Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас Сонгинохайрхан дүүрэгт тус намын дарга асан Б.Найдлааг нэр дэвшүүлэх бол, Хэнтий аймагт тус намаас хүн дэвшүүлэхгүй, аль нэг зөв хүнийг нь дэмжинэ гэдгээ мэдэгдээд байна.




Өнөөдөр гахай өдөр

12 цагийн өмнө