ХХБ, Голомт банкны эзэд А.Амундра, Э.Долгион зэрэг хүмүүсээ Л.Оюун-Эрдэнийн ХАЖУУД зөвлөхөөр СУУЛГАВ УУ

ХХБ, Голомт банкны эзэд А.Амундра, Э.Долгион зэрэг хүмүүсээ Л.Оюун-Эрдэнийн ХАЖУУД зөвлөхөөр СУУЛГАВ УУ

“Төр бол улс төрчдийн зоогийн газар” гэх хэлц үг бий. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, орон тооны зөвлөхөөр АН-аас УИХ-д нэр дэвшиж байсан "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирал Э.Долгионыг томилсон гэх мэдээлэл МАН-ын гишүүд, фракцуудыг шоконд оруулжээ.

Учир нь Монголын томоохон хоёр банкны эзэд өөрсдийн төлөөний хүмүүсээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэргэд байршуулсан байж болзошгүй гэж тэд хардаж байгаа аж.  

-ХХБ-НЫ ЭЗЭН ЭРДЭНЭБИЛЭГ ӨӨРИЙН ХҮН Э.ДОЛГИОНЫГ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДЭРГЭД БАЙРШУУЛАВ УУ-

Учир нь "Bloomberg TV Mongolia" телевиз нь Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ хамааралтай бөгөөд цаашлаад Э.Долгион нь тус банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүн байж болзошгүй гэдэг байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөн Э.Долгионыг УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихэд, ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн нөлөө их байж магадгүй. Учир нь Э.Долгион өмнө нь АН-ын гишүүнчлэлгүй, тус намын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан гэх бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө Сүхбаатар дүүргийн АН-ын хороонд орж, ҮБХ-ны гишүүн болж, улмаар АН-аас парламентын сонгуульд Р.Амаржаргал, С.Эрдэнэболд нартай нэг баг болж нэр дэвшсэн гэдэг.

Сонирхуулахад, Бороогийн алтны уурхай, Гацууртын ордыг 35 сая ам.доллараар авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийг Монгол улсын иргэн Э.Дөлгөөн болон Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг талаар эх сурвалжууд мэдээлдэг. Тодруулбал, Э.Дөлгөөн нь UB post сонинд сэтгүүлч, Улаанбаатар хотын банкинд ажиллаж байсан гэдэг. Улмаар ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг энэ наймааны ард байна гэж мэдээлэгдэж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Мөн Э.Дөлгөөн нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь Гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон гэх Э.Долгион нь Э.Дөлгөөнтэй төрсөн ах дүүс юм.

Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр Э.Долгион томилогдоход ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг нөлөөлсөн байж болзошгүй гэж МАН-ын зарим гишүүд хардаж байгаа аж.  

-ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Г.БАЯСГАЛАН ӨӨРИЙН ХҮН А.АМУНДРААГ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХАЖУУД СУУЛГАВ УУ-

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон даруйдаа, Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундра гэх залууг томилсон. Хачирхалтай нь А.Амундра энэ оны хоёрдугаар сарын 09-ны өдөр МАН-д гишүүнээр элсээд удалгүй Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон. А.Амундра өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь түүнтэй нэлээдгүй ойр ажиллаж байсан гэдэг.

Харин А.Амундрааг Голомт банкны эзэн Г.Баясгалангийн хүн гэдэг. Тодруулбал, А.Амундра 2007 онд “News.mn” сайтын үйл ажиллагааг эхлүүлсэн бол, 2009 онд “Боловсрол суваг” телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж улмаар “Монгол масс медиа” группийг 2010 оноос удирдаж, Монголын тэргүүлэх медиа групп болгож өргөжүүлсэн гэдэг. Гэхдээ энэ бүхэн бол Голомт банкны эзэн Г.Баясгалангийн санхүүжилтээр хийгдэж байсан байж болзошгүй байдаг. 

Харин сүүлд А.Амундра “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг. Учир нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажилласан билээ.

Иймд Монголын томоохон банкирууд Г.Баясгалан, Д.Эрдэнэбилэг нар өөрсдийн гарын хүмүүс болох  А.Амундра, Э.Долгион нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хажууд суулгаж байж болзошгүй хэмээн дургүйцэх, шоконд ороод байгаа МАН-ын гишүүд цөөнгүй байгаа ажээ.