Х.Нямбаатар: "Рио Тинто"-гийн зүгээс гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг татварын орлогыг төвлөрүүлэх саналыг тавьсан

Х.Нямбаатар: "Рио Тинто"-гийн зүгээс гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг татварын орлогыг төвлөрүүлэх саналыг тавьсан

Засгийн газрын өнөөдрийн /2021.08.31/ хуралдаанаар Рио Тинто компанитай хийж буй хэлэлцээрийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг сонссон. Энэ талаар Хууль зүйн сайд, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээллээ. 

Тэрбээр "Туркойз Хилл, Рио Тинтогийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн.

Захидалд хэд, хэдэн асуудлыг дурдсан 

Нэгдүгээрт, Оюутолгойн төслийг удирдаж байгаагийн хувьд “Рио Тинто” гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна 3 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох өрийн хэмжээг бууруулахад бэлэн байна гэсэн. Манай улс 2.3 орчим ам.долларын өртэй байгаа. Үүнийг бууруулах, хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

"Рио Тинто" хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн. Бидний хамтран хэрэгжүүлж байгаа төсөл цааш амжилттай үргэлжлүүлэх ёстой. Тиймээс Лондонд гаргасан сөрөг нэхэмжлэлийг түр хойшлуулах санал тавьсан. Мөн гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахын тулд нөөцийн тодотгосон тайлангаа уул уурхайн мэргэжлийн зөвлөлөөр батлуулмаар байна гэсэн саналаа илэрхийлсэн.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг энэ 7 хоногт уг асуудлаар хуралдаж, хэлэлцээр хийхээр ирсэн “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй ойрын үед уулзана. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн байгаа. Энэ зардлыг Оюутолгойн ТУЗ-өөр батлуулж байж гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгана гэсэн асуудлыг захидалдаа мөн дурдсан байсан. Бид хоёр шаардлага тавьсан. Гүний уурхайн зардлын хэтрэлтийг тайлбарлах, хэлэлцээр үргэлжилж байх явцад олборлолт хийх санал тавьсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, олборлолт хийх шийдвэрийг менежментийн баг гаргана" гэлээ.

Мөн ЗГХЭГ-ын дарга Б.Солонго нөхцөл байдлыг танилцуулсан юм. 

ШУУД ҮЗЭХ: