Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж буй асуудлаар Засгийн газрын хуралдаанд тайлбар хийжээ

2021-08-31 16:51

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж буй асуудлаар Засгийн газрын хуралдаанд тайлбар хийжээ

Өнөөдөр /2021.08.31 /Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөрөө томилж буй асуудлыг гишүүддээ танилцуулсан байна. 

Ерөнхий сайд зөвлөхөөрөө хэнийг томилох гэж буйг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаггүй бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог. Гэхдээ эргэлзээтэй ойлголтоор кабинетын сайд нартаа мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Тиймээс тэрбээр зарим асуудлаар тайлбар өгчээ. 

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Засгийн газраас байгуулж буй таван үндэсний хорооны нэг болох “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-г ахалж, уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөх юм. 

2021-08-31 11:38

ЭХ СУРВАЛЖ: Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр томилох ШИЙДВЭР хараахан гараагүй байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдож буй мэдээлэл өчигдөр /2021.08.30/ олон нийтэд хүрсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саяхнаас ахалж буй олимпизмыг дэлгэрүүлэх чиглэл бүхий үндэсний хорооны гишүүн, орон тооны бус зөвлөхөөр Х.Баттулга ажиллахаар болсон гэж буй.

-МАН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХОНОГИЙН ДАРАА ХУРАЛДАХ БАЙСАН Ч ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛД ОРЖЭЭ-

Гэхдээ түүнийг орон тооны бус зөвлөхөөр томилох шийдвэр эцсийн байдлаар гараагүй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх шийдэж чадалгүй гацааж байгаа гэх. Гэхдээ удлаа гэхэд өнөөдөр /2021.08.31/ орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргаж магадгүй аж. Учир нь тушаалд ЗГХЭГ-ын дэд дарга гарын үсэг зурдаг бөгөөд ЗГХЭГ-ын дэд дарга ээлжийн амралттай байгаа тул маргааш албажина гэсэн мэдээлэл байна. 

Ямартай ч уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцаараа толгой мэдэж гаргаагүй нь тодорхой. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нарын дунд болсон яриа гэдэг нь үнэнд илүү ойртох болов уу.

Энэ бол орон тооны бус зөвлөхийн цаадах улс төрийн тохироо цаашдын үйл явц юм. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай төмөр зам дээр ч тохирсон байж болзошгүй гэж буй юм. Ямартай ч хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 2-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаа хийхээр төлөвлөж байсан ч дээрх томилгооноос болж бүлгийн хурал нь тодорхойгүй байдалд оржээ. Тодруулбал, зарим гишүүд нь тус томилгоог эсэргүүцэж нам дотроо нэлээн хэрүүл, асуудал үүсгээд байгаа ажээ.