Б.Солонго: Оюутолгой компанид хяналт тавьж ажиллана

Б.Солонго: Оюутолгой компанид хяналт тавьж ажиллана

Засгийн газраас "Рио Тинто" групптэй хийж буй хэлэлцээний явц, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Б.Солонго мэдээллээ.

Тэрбээр Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Оюу толгой" компани 2 удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд бид хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал 1 тэрбум 450 сая ам.доллароор нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй тайланг бидэнд өглөө. Тайланд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа "Оюу толгой"-д хяналт тавьж ажиллах ёстой. "Оюу толгой" компанийн  байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. "Эрдэнэс Оюу толгой" компанид "Оюу толгой"-гоос өгдөг мэдээлэл их ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргаад байна" гэв. 

 Түүнчлэн татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг "Оюу толгой" эхлүүлсэн, бид биш. Маргаан үргэлжилнэ. "Рио Тинто" групп 350 сая ам.доллар төллөө гээд маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор манай улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан. Иймд манай талд төлөх ногдол ашгийг "Рио Тинто" урьдчилан төлөх санал  тавилаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох тухай бид огт яриагүй. Далд уурхайг ашиглах нь аль аль талдаа ашигтай. Засгийн газар ногдол ашиг авах нь битгий хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох тайланг "Рио Тинто" групп бидэнд ирүүлсэн. Сэтгэл эмзэглүүлсэн тайлан байсан тул бид тус группэд хэлэлцээ хийх санал тавьсан. Үл ойлголцол үүссэн асуудлаа ярилцаж байна. Хоёр тийшээ хараад сууж болохгүй. Одоогоор бид 34 хувийн эзэмшлийг цаашид хэрхэх талаар шийдээгүй байна" гэлээ.