Х.Баттулгыг зөвлөхөөр томилж АН-ын ЗУРГААН гишүүнээр Засгийн газартаа БЭХЭЛГЭЭ хийв үү

Х.Баттулгыг зөвлөхөөр томилж АН-ын ЗУРГААН гишүүнээр Засгийн газартаа БЭХЭЛГЭЭ хийв үү

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдох тухай мэдээлэл өнгөрсөн хоёр өдөр улс төрийн хүрээнд хамгийн эрэлттэй мэдээлэл байлаа. Энэ тухай мэдээлэл олон хүний анхаарлыг татахаас илүүтэйгээр эрх баригч МАН-ын гишүүдийг гайхашруулж орхижээ. Ямар сайндаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухай өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр тайлбар хийсэн байгаа юм.

-ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАХ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УРИЛГЫГ Х.БАТТУЛГА СУДАЛЖ ҮЗЬЕ ГЭЖЭЭ-

Угтаа бол хэнийг зөвлөхөөрөө томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэхүү шийдвэр буруу, зөвийн алиныг яг өнөөдөр таашгүй ч хэтийн “улс төр”-өөр тохирч буй нь тодорхой юм. Ямартай ч уг мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа баталж, олон нийтэд мэдэгдсэн бөгөөд тэрбээр “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны зөвлөхөөр ажиллахыг урьсан.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг саналыг судалж үзнэ гэсэн. Мөн уг асуудлыг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй.

“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо” нь Ерөнхий сайдын ахалж буй таван үндэсний хорооны нэг бөгөөд иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулах юм” гэж мэдэгдсэн. Угтаа тус шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ ганцаараа толгой мэдэн гаргаагүй ойлгомжтой юм.

Энэ асуудал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн түвшинд яригдаж шийдэгдсэн нь гэж буй. Бүр цаашлаад өнгөрсөн долдугаар сард болсон “Токио-2020” олимпийн наадмын үеэр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар Солонгост уулзахдаа ч энэ талаар ярилцсан байх магадлалтай байгаа аж.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД Х.БАТТУЛГАТАЙ ХАМТАРЧ БАЙНА УУ-

Тэгвэл намрын чуулганы эхлүүт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах асуудал үүсэж мэдэх учир тэрээр Х.Баттулгаар дамжуулж Засгийн газартаа "бэхэлгээ" хийж байж магадгүй байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн  Засгийн газрыг огцруулах саналыг УИХ дахь АН-ын бүлгээс санаачилж, албан бланк дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг зуруулж эхэлсэн гэж тус намын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдсэн.

Иймд АН-ын бүлгийн зарим гишүүдийг гарын үсэг зуруулахгүйн тулд “Х.Баттулгын хүмүүс” гэгдэх А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь Ц.Туваан, С.Ганбаатар, Н.Ганибал нарын зургаан гишүүнийг хайрцаглаж, Засгийн газраа бэхлэхийн тулд Х.Баттулгыг татаж байж магадгүй байна.

Х.Баттулгын хувьд орон тооны бус зөвлөхийн нэрээр Л.Оюун-Эрдэнэтэй хамааралтай байгаагаа л илэрхийлж буй юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан ч хоёр хоногийн өмнө шийдвэрээсээ буцаж “Сү.Батболдод л өгөөш өгөх юм биш үү дээ” гэсэн утгатай тайлбар хийсэн гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд яригдаж байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар хуваагдаж 28/32 гэсэн харьцаатай болсон гэх бөгөөд өнгөрсөн долдугаар сард Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж “Ц.Нямдоржыг явуул. Эсвэл...” гэж сануулсан гэх мэдээлэл ч байна. Нэгэнтээ асуудал эндээ тулсан тулд Х.Баттулгаар дамжуулж Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ихэнхийг базах тохироо хийгдэж байж магадгүй байна.