Хэнтийд Ц.Идэрбат, Д.Гантулга, Сонгинохайрханд Э.Батшугар, Н.Алтаншагай нараас сонгож нэр дэвшүүлэхээр ярилцаж байна

Хэнтийд Ц.Идэрбат, Д.Гантулга, Сонгинохайрханд Э.Батшугар, Н.Алтаншагай нараас сонгож нэр дэвшүүлэхээр ярилцаж байна

Өнөөдөр өглөө /2021.09.01/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Тодруулбал, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр болсон юм. 

Нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр болох бөгөөд намууд өнөөдөртөө багтаан нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай юм. 

Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал ч үдээс хойш хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна. Одоогоор Хэнтийн нөхөн сонгуульд одоогийн Засаг дарга Ц.Идэрбатыг, Сонгинохайрханд Э.Батшугарыг дэвшүүлэхээр тохирч Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. 

Мөн Хэнтийд Ц.Идэрбатаас гадна Д.Гантулгын нэр яригдаж байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаяртай хийсэн тохирооны дагуу Э.Батшугарыг дэвшүүлэхээр голлон ярьж буй бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг зүтгүүлсээр байгаа аж. 

16.00 цагт Удирдах зөвлөл, 17.00 цагт Бага хурал танхим, цахим хосолсон хувилбараар хуралдах юм.