ХӨШИГНИЙ АРД: Ж.Сандагсүрэн Э.Батшугарыг шүүмжилж мерит зарчмыг сануулжээ

ХӨШИГНИЙ АРД: Ж.Сандагсүрэн Э.Батшугарыг шүүмжилж мерит зарчмыг сануулжээ

-УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХЭНТИЙД НЭР ДЭВШИГЧИЙН АСУУДЛААР МАРГАЖЭЭ-

Өчигдөр /2021.09.01/ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинхайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан. Удирдах зөвлөлөөс Хэнтийд тус аймгийн одоогийн Засаг дарга Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг дэмжсэний дагуу Бага хурал руу оруулсан юм. Харин Бага хурлаас Ц.Идэрбатыг 97.8 хувь, Э.Батшугарыг 95 хувиар дэмжсэнээр нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Энэ бол бүр эрт дарга нарын түвшинд яригдаад шийдэгдсэн байсан нэрс. Нэгэнт “ах нар” шийдсэн бол Бага хурлаараа дэмжээд явуулдаг нь тус намын тогтож буй уламжлал.

Гэхдээ өчигдөр 16.00 цагт товлогдсон байсан Удирдах зөвлөлийн хурал нэлээн оройтож буй 17.00 цаг өнгөрөөж эхэлсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагтаа эхлээгүй шалтгаан нь Удирдах зөвлөлийн түвшинд Хэнтийд нэр дэвшигчийн асуудлаар маргасны улмаас хугацаа алдсан бололтой. Тодруулбал, Ц.Идэрбат байх нь зөв үү Н.Энхбаатарыг дэмжиж болно шүү дээ гэх хувилбарыг ярьжээ.

-ХОЁР НАМ НЭГДСЭН. БИ НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ ГЭЖ
Э.БАТШУГАР ХЭЛЖЭЭ-

Ийнхүү ярилцаж, хэлцэж байж Удирдах зөвлөлийн хурлаа эхлүүлсэн. Үргэлжлүүлэн Бага хурал цахимаар эхэлж хурлын эхэнд Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт явуулсан судалгааны дүнг танилцуулсан. Судалгааны дүнгээр Ц.Идэрбат, Э.Батшугар нар өндөр дүн авсан учир нэр дэвшүүлэхээр болсон гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан гэх. Харин Бага хурлын гишүүд “Судалгааны дүн хэзээ үнэн байлаа” гэсэн юм ярьж явна. Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн хурлын үеэр Э.Батшугарыг шүүмжилж “Өмнө нь намд зүтгээгүй. Олон жил энэ намд зүтгэсэн, ажилласан залуус байна. Гэтэл дөнгөж орж ирээд Бага хурлын гишүүн болж нөхөн сонгуульд нэр дэвшиж болох юм уу. Өмнө нь УИХ-д Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд ялагдсан биз дээ. Тэгээд дахиж нэр дэвших гээд байж болдог юм уу” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн одоогийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвших ёстой гээд заалнаас дэвшүүлсэн ч, тэрбээр нэрээ татсан юм.

Харин Э.Батшугар хариуд нь хоёр нам нэгдэж, ярьсаны дагуу би нэр дэвших гэж байна гэжээ. Ийнхүү МАН-ын Бага хурал хуралдаж хариуцлагатай оролцох нөхөн сонгуульдаа нэр дэвшигчээ тодрууллаа.