ХӨСҮТ болон бусад эмнэлэг PCR-ийн оношлуургүй байхад С.Энхболд сайд яаж нэмэлт шинжилгээний цэгийг байгуулав

ХӨСҮТ болон бусад эмнэлэг PCR-ийн оношлуургүй байхад С.Энхболд сайд яаж нэмэлт шинжилгээний цэгийг байгуулав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.09.02/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, хоногт батлагдсан халдварын тоо 3700-гаар нэмэгдсэн бөгөөд тэрбээр энэ талаар "Есдүгээр сарын 1-нд халдварын тохиолдол 3726-гаар нэмэгдсэн учир хөл хорио тогтоох байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Ийнхүү их тохиолдол гарсан нь PCR шинжилгээний цэгүүдийг нэмсэнтэй холбоотой. Эерэг гарах хариу нийт тохиолдолд 20 хувийг эзэлж байгаа.

Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын шинжилгээнд хамрагдах тохиолдол өсөхөөс гадна орон нутагт халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Өчигдрийн хувьд орон нутагт тандалтын 11 мянга, PCR шинжилгээний есөн мянган сорьцоос тохиолдлыг тогтоосон. Цаашид ч энэ тоо буурахгүй байх магадлалтай" гэсэн юм. 

Түүний хэлснээс дүгнэвэл PCR шинжилгээний цэгийг нэмсэн болон багш, сурагчид шинжилгээ ихээр өгсөнтэй холбоотойгоор халдварын тохиолдын тоо нэмэгдсэн гэх. 

Тэгвэл хоёрхон хоногийн өмнө /2021.08.30/ ХӨСҮТ PСR шинжилгээний оношлуургүй байв.  Тус эмнэлгийнхэн энэ талаар тайлбарлаж урт дугаарлалт үүсгэсэн хүмүүсийн эхний 300-аас шинжилгээ авсан. Тэд мөн бусад эмнэлэгт ч оношлуур дууссан гэж учирлаж байсан. Ингээд иргэд шинжилгээ өгч чадахгүй буцаж боломжтой зарим нь хувийн эмнэлгийг зорьж байлаа. 

Улсын ганц халдвартын эмнэлэг нь оношлуургүй гэж иргэдийг буцаасан үйл явдал хоёрхон хоногийн өмнө болсон байхад Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинжилгээний цэгийн тоог нэмснээр халдварын тохиолдол нэмэгдсэн гэж ярьж буй нь бодит байдалтай хэр нийцэж байна вэ.