Л.АМАР: Банкны салбарт чанаргүй зээлийн эзлэх хувь өндөр байна

Л.АМАР: Банкны салбарт чанаргүй зээлийн эзлэх хувь өндөр байна

Монгол банкны холбооны хурлын зааланд өнөөдөр \2021.09.02\ нд 2021 оны эхний хагас жилийн тайлан, “Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын судалгаа 2020”-ийг танилцуулах хурал боллоо. 

Уг хурлын үеэр Монгол банкны холбооны Гүйцэтгэх захирал Г.Амар “Эдийн засгийг дэмжиж буй ганц хөрөнгө оруулалт нь банкны зээл юм. Гэсэн ч энэ нь урт хугацаанд үргэлжлэхгүй байх эрсдэлтэй. Учир банкны салбарт чанаргүй зээлийн эзлэх хувь буурахгүй байна. Ялангуяа цар тахал эхэлснээс хойш иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ мэдэгдэхүйц муудаж байна. Чанаргүй зээлийн хэмжээгээр банк өөрийн хөрөнгөө бууруулах нөхцөл байдал үүсдэг. Ингэснээр цаашид шинээр зээл олгох боломжийг хязгаарладаг” гэв.

Цаашид эдийн засгийн цусны эргэлтийг өндөр хувьтай явуулахын тулд чанаргүй зээлийг шийдвэрлэх механизм, эрх зүйн орчныг үүсгэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.

Харин таатай мэдээ нь жигнэсэн дундаж хүүгийн хувь Засгийн газрын тавьсан зорилтын түвшинд ойртсон. Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг оруулж тооцвол зээлийн хүү сарын нэг хувь руу орж ирсэн. Цаашид энэ хэвээр нь авч үлдэхэд макро эдийн засгийн тогтвортой орчин, мөн нхууль эрх зүйн орчныг авч явах шаардлагатай.

Түүнчлэн ААН, иргэдийн банканд итгэх итгэл хэвээр байна. Жишээ нь төгрөгийн хадгаламж өнгөрсөн хугацаанд 36 хувиар өссөн. Системд нөлөө бүхий том таван банкны эх үүсвэр өсөлттэй гарсан хэмээлээ.