ЛГБТ Төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” үйл ажиллагаа 2021 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны өдрүүдэд 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.
ЛГБТ Төв нь нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага бөгөөд бэлгийн болон хүйсийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр болон бусад (ЛГБТИК+) олон нийтийн хүний эрхээр 2009 оноос хойш албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж буй Монгол дахь цорын ганц байгууллага юм.
“Тэгш эрх, бахархалын өдөр” үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд олон нийтийн гудамж, талбайд энэ агуулгаар сурталчилгааны самбаруудыг байршуулсан байгаа юм. Зорилго нь бэлгийн цөөнх буюу гей, лесби, бисексуал гэхчлэн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг нийгэмд ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх юм.
Харин эдгээр өдрүүдэд бэлгийн цөөнхийг хувь хүнийхээ үүднээс дэмжихгүй гэдгээ цахим сүлжээнд илэрхийлсэн нөлөө бүхий хүмүүс цөөнгүй байна. Тухайлбал, зохиолч Todko Samson, Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нар юм.
Саяхнаас “Pop it” гэх солонгон өнгөт тоглоом дэлхий даяар хүүхдүүдийн сонирхлыг татаад буй. Харин Todko Samson уг тоглоомын өнгө, материал, дуу чимээ нь хүүхдийг багаас нь G цэгийн мэдрэмжтэй болгодог, бэлгийн чиг баримжааг нь өөрчилдөг гэсэн явцуу мэдээлэл хуваалцсан. Б.Одсүрэн энэ мэдээллийг сонсоод хүүхдийнхээ тоглоомыг хогийн саванд хаясан төдийгүй эрх мэдлээ ашиглан ЛГБТ төвийн төлбөрөө төлсөн байгууллагын эрх ашигт халдаж, реклам, сурталчилгааг нь хуулсан гэдгээ цахим сүлжээндээ нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.
-УЛААН ӨНГӨ НЬ ХАЙР, УЛБАР ШАР НЬ ЭДГЭРЭЛ, ШАР НЬ НАР, НОГООН НЬ БАЙГАЛЬ, ХӨХ НЬ ЭВ НЭГДЭЛ, НИЛ ЯГААН НЬ МӨН ЧАНАРЫГ ИЛТГЭДЭГ-
Ийнхүү бид тус үйл явдалтай холбогдуулан ЛГБТ хүмүүсийн төлөөлөл болох Д.Сугармаатай ярилцлаа. Гэхдээ энд хэн нэгний үзэл, хандлагыг буруушаах гэсэнгүй.
-Сайн байна уу. Юуны түрүүнд өөрийгөө уншигчдадаа танилцуулахгүй юу. -
Сайн байна уу. Намайг Д.Сугармаа гэдэг. Одоо 22 настай. Хувиараа хүнсний салбарт бизнес эрхэлдэг.
-Энэ есдүгээр сард дэлхий нийтээрээ “Happy pride” буюу бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг шүү дээ. Энэхүү баяр нь ямар учиртай баяр талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Яг одоо дэлхий даяар ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүсийн бахархлын өдөр болж, тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэхүү баяр нь хүнийг өөрийгөө үгүйсгэлгүй, өөрөөрөө байхыг уриалсан, илэрхийлсэн баяр. Мөн нийгэмд хүний эрхийн талаар тодорхой хэмжээний ойлголтыг өгөх болоод ЛГБТ хүмүүс ч бас энгийн хүн гэдгийг ойлгуулах утга учиртай юм.
-Тус үзэл хандлагын бэлгэдэг өнгөний талаар хоёулаа ярилцъя. Уншигчдад мэдээлэл өгвөл?
-Ерөнхийдөө тус өнгө нь ЛГБТ гэр бүлийг төлөөлүүлдэг юм. Улаан өнгө нь хайр, улбар шар өнгө нь эдгэрэл, шар нарны гэрэл, ногоон байгаль, хөх эв нэгдэл, нил ягаан нь мөн чанарыг илтгэдэг.
-Манай улсад энэхүү баярыг хэрхэн хүлээж авч байна вэ? Наснаасаа хамаарч харьцангуй өөрөөр хүлээж авч байх шиг байна?
-Миний хувьд намайг болоод эдгээр ЛГБТ хүмүүсийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй хүмүүсийг үгүйсгэдэггүй. Учир нь тэдгээр хүмүүсийн амьдарч байсан нийгэм болоод цаг үе, өссөн орчин ер нь бүхий л зүйлс харьцангуй өөр учраас биднийг ойлгох ойлголт арай өөр байна. Үнэхээр ЛГБТ хүмүүсийг ойлгохгүй байгааг буруутгаж болохгүй, тэглээ гээд бас нөгөө талаасаа хэн нэгний ялгаатай байдлыг үгүйсгэж доромжилно гэдэг өөрөө маш буруу зүйл. Нийгэмд өнөөдөр хэн нэгнийг хайрласныхаа төлөө доромжлогдоно гэдэг аймшигтай муухай зүйл шүү дээ. Хамгийн гол нь ямар ч гэм буруутай зүйл хийгээгүй байтал ялгаварлан доромжилж байгаа нь хүний эрхийн талдаа мэдээж том зөрчил болж байгаа юм. Яах вэ хүн хайрлаж байгаа хэв маяг нь нийгэмд тогтсон хэв маягаас арай өөр учраас үүнийг гаж зүйл гэж хүлээж авч байгаа. Заавал эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биенээ хайрлана гэсэн ойлголт байхгүй.
-ТӨРӨЛХИЙН ЛГБТ ХҮМҮҮС НЬ ӨӨР НЭГ ХЭСГЭЭ УРУУ ТАТАЖ, ОЛДМОЛ БОЛГОДОГ ГЭДЭГ НЬ БУРУУ ОЙЛГОЛТ-
-Монголчуудын хувьд эдгээр хүмүүсийг ойлгох ойлголт арай өөр байна л даа. Жишээлбэл, энэ нь эхийн хэвлийд байхдаа бүрэлддэг зүйл эсвэл яваандаа үүсдэг гэх мэт… Эдгээр ойлголтын талаар ярихгүй юу ?
-ЛГБТ хүмүүс бол эхийн хэвлийд байхдаа л анхнаасаа бүрэлддэг зүйл. Би анхнаасаа лесбиан гэсэн бол эмэгтэй хүнээ сонирхоод л явна гэсэн үг. Гэтэл яг манай улсын хувьд яагаад олдмол, төрөлхийн гэдэг ойлголт гарсан бэ гэхээр, миний харснаар бага ахуй цагаас л ЛГБТ хүмүүсийг буруугаар ойлгуулах хандлагатай зүйл их явдаг байсан. Тэр үед одоогийнх шиг интернет гэх зүйл байсангүй. Хүн бүр хүссэн мэдээллээ олоод үзээд судлах боломж ч хомс байсан. Гэтэл янз бүрийн хошин шог дээр маш буруугаар илэрхийлсэн байдаг “олдмол, төрөлхийн гомо” гэдэг ч юм уу. Хүмүүсийн бага ахуй наснаас нь л урлаг соёлынхон тэдгээр хүмүүсийг буруугаар ойлгуулснаар одоо ч ЛГБТ хүмүүсийг үзэх үзэл өөр чиглэл рүү яваад байгаа юм гэж би хардаг. Энэ нь төрөлхийн хэсэг бүлэг хүмүүс нь өөр нэг хэсгээ уруу татаж олдмол болгодог гэсэн ойлголт яваад байгаа юм. Одоо бол цаг үе өөр болсон ямар ч хүн интернетээс ЛГБТ хүмүүс төрөлхийн үү? Олдмол уу гээд хайхад гараад л ирнэ. Яах вэ өөрийгөө хараахан таньж мэдээгүй, гоё эмэгтэй хүн хараад ямар гоё эмэгтэй вэ гэж бодсоноо өөрийгөө ЛГБТ гэж андуурах тохиолдол байхыг үгүйсгэхгүй.
-Таны хувьд энэ мэдрэмж нь анх яаж илэрч байв?
Надад багаас л энэ сонин мэдрэмж байсан. Хажуу айлын хөөрхөн охиныг хараад эрэгтэй хүнээс илүү татагдах үе байсан ч бага дунд ер нь ЕБС-ын эрүүл мэндийн хичээлд бэлгийн чиг баримжааны талаар огт ойлголт өгдөггүй байсан учраас өөрийгөө ийм талаар ойлголтгүй, яг ямар мэдрэмж гэдгээ мэдэхгүй явсаар ахлах ангидаа орсон. Ахлах ангидаа орж өөрөө мэдээлэл боловсруулах хэмжээнд очоод өөрийгөө ямар бэлгийн чиг баримжаатай хүн гэдгээ олж мэдсэн. Хэдий өөрийгөө мэдсэн ч энэ нийгэм нь тэдгээр хүмүүсийг гадуурхаж, жигшиж байгаа нь эрс мэдэгддэг. Иймээс өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар яг 2,3 жилийн өмнөөс эрэгтэй эмэгтэй аль алийг нь сонирхдог хүн гэдгээ хүлээн зөвшөөрч ирсэн.
-ЛГБТ ГЭЖ ШИНЖЛЭХ УХААНААР БАТАЛЧИХСАН ЗҮЙЛИЙГ ЭЛДЭВЛЭЖ, ДОРОМЖЛООД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ-
-Нийгэмд ЛГБТ хүмүүс өөрийгөө илэрхийлэх тусам даган дуурайх хүүхдүүд ихээр нэмэгдэх болсон гэж эцэг эхчүүдийн зүгээс үзээд байгаа. Энэ талаар таны бодол?
Өөрийнхөө ийм гэдгийг зарлах нь зөв буруу гэх нь утгагүй зүйл л дээ. Хүмүүс жишээлбэл, найз залуу, охин, эсвэл эхнэр хүүхэдтэй болоод зургаа тавьдагтай адил эсвэл үнэтэй машин аваад түүнийгээ гайхуулах зорилгоор сошиалд зургаа тавьдагтай адил зүйл. Хүн бүр өнөөдөр бусдад өөрийгөө яаж илэрхийлэхийг хүсэж байна? өөрийнхөө ямар өнцгийг, хэрхэн, яаж аль талаасаа харуулахыг хүсэж байна? Тэр хүслээрээ л нийгэмд амьдарч байгаа. Үүнтэй л адил эмэгтэй хүн хайрладаг гэдгээ чөлөөтэй харуулахыг хүсэж л байвал харуулах эсэх нь хувь хүний өөрийнх нь дур. Хэрвээ үнэхээр энийг харахыг хүсэхгүй байвал зайгаа бариад холдох эсэх нь чөлөөтэй. Хэн нэгэн дарамтлаад боогдуулан, эрх чөлөөнд нь халдаж тулгасан зүйл огт байхгүй. Хүүхдүүд даган дуурайн гэж ярьж байгаа эцэг эхчүүдийн хувьд хүүхдээсээ хэр хол байгааг, хүүхэдтэйгээ хэр ярилцдаггүй болохыг л илэрхийлж байгаа гэж боддог. Үнэхээр хүүхдээ сонсдог эцэг эх байсан бол хүүхдийнхээ сонголтыг сонсож, ярилцаж шийдэлд хүрэх байсан болов уу. Шууд эсэргүүцэх нь өөрөө утгагүй.
-Таны гэр бүл болоод эргэн тойрныхон энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Би аав ээждээ энэ талаар хэлье гэж огт боддоггүй. Би аав ээжээ мэднэ. Бас л тэдний өссөн орчин, нийгэм нь өөр байсан учраас намайг энэ талаараа хэлбэл яаж ч хүлээж авч магадгүй тул би одоо заавал хэлээд тэдэнтэй тэрсэлдэж маргах шаардлагагүй гэж боддог. Харин дүү болоод үеэлүүд мэдэж байгаа. Дүү минь анх миний харьцаж байгаа хүнийг хараад “наа чинь эмэгтэй юм бишүү” гэхээр нь би “тийм ээ” гэж хариулж байсан. Надад тэр үед үнэхээр ичгэвтэр санагдсан л даа. Гэтэл дүү маань “Зүгээр шүү ээ” гэсэн нь надад асар их тайвширлыг өгч байсан. Намайг дэмжээгүй ч бас шүүмжилж үгүйсгээгүй нь энэ талаар тодорхой хэмжээний ойлголттой гэсэн үг юм болов уу. Харин найз нөхөрлөлийн хүрээнд “Тэгээд юу гэж? Би чиний хувь хүнтэй чинь нөхөрлөсөн болохоос биш чиний эд хөрөнгө, бэлгийн чиг баримжаа, нийгмийн гаралтай нөхөрлөөгүй биз дээ?” Гэх нь байсан бол өөр хэсэг нь “Аан зүгээр шүү д ээ. Гэхдээ хэт битгий туйлшраарай” гээд өнгөрч л байсан. Яахав цаанаа дургүй, таагүй хүлээж авсаныг үгүйсгэхгүй л дээ. Хүн бүрийн үзэл бодол өөр.
-Ижил хүйстэнээ сонирхох нь энгийн хэвшмэл эрэгтэй эмэгтэй хүмүүс нэгнээ хайрлахтай л ижил мэдрэмж үү?
-Ямар ч ялгаагүй. Би хувь хүнд нь л татагдсан. Гэтэл зарим хүмүүсийн хувьд ижил хүйстэн гэхээрээ л таарсан эмэгтэй болгоноо эсвэл таарсан эрэгтэй болгоноо сонирхож шохоорхон гэсэн ойлголттой явдаг. Эсрэг хүйстэнээ сонирхдог хүмүүсийн хувьд ч тааралдсан эсрэг хүйстэн бүрдээ татагдаад байдаггүй биздээ? Тэрэнтэй адил ижил хүйстэндээ ч бас хувь хүнд нь дурлаж татагддаг.
-Өнөөдөр улс төрийн томоохон албан тушаалтангууд өөрсдийн үзэл бодлоо цахимаар илэрхийллээ шүү дээ. Энэ талаар таны хувьд хэрхэн хүлээж авав?
Нэг талаар байгалийн хуулийг үгүйсгэнэ гэдэг утгагүй зүйл. Энэ бол нар зүүнээс манддагтай адил зүйл атал баруунаас манд гэж шаардаж байгаа нь байгалийн хуулийг үгүйсгэж байна гэсэн үг. ЛГБТ гэж шинжлэх ухаанаар баталчихсан зүйлийг үгүйсгэж, гутаан доромжиллоо гээд бид өөр хүн болчихгүй. Дэмжсэн дэмжээгүй бид хайрладагаараа хайрлаж, оршдгоороо оршсоор л байна. Хүний сэтгэлийг хорих ямар ч боломжгүй. Маш олон хүмүүс нийгмийн буруу ойлголтоос болж өөрийгөө үгүйсгэж, зүгээр л хүн болж төрж, хэн нэгнийг хайрласныхаа төлөө ичиж санаа зовж, шүүлтэнд орно гэдэг өөрөө байж болошгүй муухай зүйл. Төгсгөлд нь ЛГБТ-ийг дэмждэг дэлхий дахинд асар их байгууллага, хувь хүмүүс байна. Энэ мэдээж утга учиртай. Зүгээр л нэг цөөнхийг дэмжээд сурталчилж байна гэхээс илүүтэй тэднийг өөрөөрөө байхад нь тусалж байгаа томоохон илэрхийлэл юм шүү. Тэрнээс биш хаа сайгүй Солонгон өнгө нааж байгаа нь суртчилах, суртал ухуулга огт биш!