Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад  цахимаар оролцож үг хэлнэ

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад цахимаар оролцож үг хэлнэ

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр өчигдөр эхэлсэн. Чуулга уулзалтын эхний өдөр оролцогчид Арктикийн хөгжил, ОХУ, Монгол Улсын харилцаа, АСЕАН-ы орнуудтай хамтран ажиллах талаар ярилцаж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Алс Дорнодын их сургуулийн хотхонд есдүгээр сарын 2-4-нд болно. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь өөрчлөгдөж буй ертөнцөд Алс Дорнодын шинэ боломжууд юм.

Чуулга уулзалтыг энэ жил холимог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зарим зочид цахимаар оролцож байна. Нийтдээ чуулга уулзалтад дөрвөн мянга орчим төлөөлөгч оролцож буй.

Чуулга уулзалтын эхний өдөр “ОХУ-АСЕАН”-ы бизнесийн уулзалт ярилцлагаар нээгдэж эрчим хүч, хөдөө аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэв.

Есдүгээр сарын 2-ны өглөө мөн "Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг утгах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын "Алс Дорнод ба Арктикийн дэлхийн сорилт, боломжууд" хуралдаан болсон. Чуулга уулзалтад оролцогчид Алс Дорнод, Арктикийн бүс нутаг, тэр дундаа коронавирусний цар тахлын нөхцөлд амжилттай хөгжихөд ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатайг тодорхойлж байгаа юм. 

Есдүгээр сарын 2-нд буюу өчигдөр чуулга уулзалтын хүрээнд "Орос-Хятад", "Орос-Итали", "Орос-Европ", "Орос-Энэтхэг"-ийн бизнесийн уулзалт яриа болсон. 

Мөн энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуулийн Алс Дорнодын тэнгисийн сургалтын төвд зочилж, дараа нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй хотхонд хүрэлцэн очсон юм. Энд түүнд Алс Дорнодын хөгжлийн төслийг танилцуулсан юм. Үүнээс гадна, пүрэв гаргийн орой В.Путин Алс Дорнодын бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлаар уулзалт хийсэн. 

Өнөөдөр орон нутгийн цагаар 15:00 цагт чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. В.Путин нэгдсэн хуралдаанд биечлэн үг хэлэх бол Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх цахим хэлбэрээр оролцоно.

Үүнээс гадна, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлж, чуулга уулзалтад оролцогчдод хандан үг хэлнэ. Оросын удирдагч мөн чуулга уулзалтын гол хуралдаануудын дарга нар болон модераторуудтай цахимаар холбогдоно.

Есдүгээр сарын 4 -ний бямба гарагт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд АПЕК буюу Ази-Hомхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын дээд боловсролын бага хурлыг зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ