АТГ: Гаалийн байцаагч малгайдаа мөнгө нуусан бичлэгийг олон нийтэд цацахгүй

АТГ: Гаалийн байцаагч малгайдаа мөнгө нуусан бичлэгийг олон нийтэд цацахгүй

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан оймсондоо их хэмжээний ам.доллар нуусан бичлэгийг сарын өмнө АТГ-аас дэлгэсэн. Энэхүү бичлэг нь төрийн байгууллагын нэг л хэлтсийн даргын авлигал хэр хэмжээнд байгааг харуулаад авсан.

-АТГ-ИЙН АЛБАН ХАРИУ МЭДЭЭЛЛИЙГ ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭВ-

Эл бичлэг олон нийтэд хүрсэний дараа Н.Баярсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэр төрд халдсан тул цагдаагийн байгууллагад хандан шалгуулах болсон тухайгаа мэдэгдсэн байдаг.

Харин сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Гаалийн байцаагч малгайдаа их хэмжээний мөнгө нуусан гэх асуудал гэнэтийн шалгалтаар ил болсон тухай цацагдах болов. Энэхүү хэргийн тухай бичлэг удахгүй нийтэд ил болох асуудал хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэж эхэлсэн билээ.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Замын үүд дэх гаалийн газрын улсын байцаагч гэнэтийн шалгалтын үеэр авилгалд авсан мөнгөө малгайдаа нуусан байсан нь тогтоогдсон аж.  АТГ-ын мөрдөгч тухайн гаалийн байцаагчийг малгайгаа авахыг шаардах үед их хэмжээний мөнгө толгой дээрээс нь унасан гэх мэдээлэл бий.

Энэхүү хэрэг 2016 оны болсон гэх бөгөөд гуравдугаар сард АТГ-аас Замын-Үүд дэхь гаалийн 30 гаруй байцаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж байжээ. Тэдний дундаас гурван байцаагчийг авилгын хэргээр шүүсэн байна.

-ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ БҮРЭН БАТЛАГДААГҮЙ ТУЛ ШАЛГАЖ БАЙНА-

Харин энэ талаар бид холбогдох албанаас тодруулга авсан билээ.

ГЕГ: Энэхүү мэдээлэл нь одоогоор албан ёсоор батлагдаагүй байгаа. Ийм мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарах болсонтой холбогдуулан манай байгууллагын зүгээс АТГ-т албан бичиг хүргүүлсэн. Харин АТГ-аас бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд яг ямар албан тушаалтан ямар хэмжээний хээл хахууль авсан талаар бидэнд мэдээлэл хараахан байхгүй байна. Ямар ч байсан дээрх мэдээллийг бид шалгаж байна гэв.

АТГ: Гаалийн байцаагч малгайдаа мөнгө нуусан бичлэг байгаа гэж буй нь мэдээлэл худал юм. Одоогоор бид ямар нэгэн бичлэг цацахгүй.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө