Х.Баттулгын тушаал гарч, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажилдаа оржээ

Х.Баттулгын тушаал гарч, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажилдаа оржээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдох тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татах мэдээлэл байв. 

Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ч баталж, олон нийтэд мэдэгдсэн бөгөөд тэрбээр “Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны зөвлөхөөр ажиллахыг урьсан.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг саналыг судалж үзнэ гэсэн. Мөн уг асуудлыг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй.

“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо” -нь Ерөнхий сайдын ахалж буй таван үндэсний хорооны нэг бөгөөд иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулах юм” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр томилсон тушаал гарч албан ёсоор ажилдаа оржээ. 

Улс төрийн хүрээнд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж хамааралтай гэдгээ баталж буй бөгөөд үүгээрээ АН-ын зургаан гишүүнээр Засгийн газартаа бэхэлгээ хийлээ гэх яриа байгаа юм.