Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлж, Б.Тулгыг томилох уу

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг албан тушаалаас нь чөлөөлж, Б.Тулгыг томилох уу

Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Засгийн газрын танхимын гишүүдээ томилж, чөлөөлдөг. Энэ дагуу УИХ-ын намрын чуулганаас урьтаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа 2-3 сайдыг огцруулна гэх мэдээлэл бий.

Бид энэ талаар өмнө нь бичиж байсан билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-тай тохирсон тохирооны дагуу Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж, С.Амарсайханыг ЗГХЭГ-ын даргаар томилно харин Ц.Нямдоржийг Ерөнхий прокурор эсвэл өөр албан тушаалд тавина гэж мэдээлсэн. 

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг чөлөөлж МАХН-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Тулгыг томилно гэж мэдээлсэн. Н.Уртнасангаас гадна ЗТХ-ийн сайд Л.Халтарыг чөлөөлж магадгүй гэх яриа бий. Уг мэдээллийн дагуу маргааш /2021.09.08/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Н.Уртнасанг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаас чөлөөлнө гэх мэдээлэл гарлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг шийдвэрлэх аж.  Угтаа бол түүнийг өргөдлөө өгөхийг шахаж буй нь тодорхой юм. Н.Уртнасангийн хувьд уг албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн хэл, ам дагуулсан. Учир нь түүнийг мэргэжлийн бус, чадваргүй, ажилчидтайгаа харилцааны асуудалтай, ажлаа хийж чаддаггүй гэх шүүмжлэл байнга дагадаг юм.