Ш.Жаргалсайхан: П.Мөнхбатад унасныхаа дараа жудаггүй зан гаргасандаа харамсаж байна

Ш.Жаргалсайхан: П.Мөнхбатад унасныхаа дараа жудаггүй зан гаргасандаа харамсаж байна

Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан энэ жил улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон. Гэвч тахимаа өгөхдөө түүний толгой руу цохьсон нь олныг бухимдуулан үйлдэл байсан билээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүнд шийтгэл оногдуулахаа албан ёсоор мэдэгдэж улмаар Үндэсний бөхийн салбар хороо өнөөдөр Ш.Жаргалсайхантай уулзалт хийсэн байна.

Тэрбээр хэлэхдээ: “Би үндэсний бөхөөр 20 гаруй жил барилдаж байна. Энэ жил Дорнодын аймгийн арслан П.Мөнхбатад унасныхаа дараа жудаггүй зан гаргасандаа харамсаж байна. Миний буруу. Монгол түмнээсээ, завханчуудаасаа, П.Мөнхбатаас, дорнодчуудаас албан ёсоор уучлалт гуйж буйгаа илэрхийлье” гэжээ.

Мөн тэрбээр Э.Оюунболд аваргаас допинг илэрсэнтэй холбоотой асуудлаар “Би Төрийн наадамд гурван удаа шөвгөрсөн. Улсын наадамд 2014 онд үзүүрлэж, гарьд болсон. Тухай бүрт нь допингийн шинжилгээ өгсөн. Э.Оюунболдын асуудал удахгүй шийдэгдэх байх. Үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл сошиалаар их явах юм. Бөхийн шээс солигдох боломжтой эсэхийг сайн мэдэхгүй. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй байх” гэсэн юм.