Я.Эрдэнэсайхан: Эхний ээлжийн есөн хоршоонд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Я.Эрдэнэсайхан: Эхний ээлжийн есөн хоршоонд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Зах зээл ба бэлчээрийн удирдлага, хөгжил" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран Хоршоодтой зээлийн гэрээ байгуулах, Хоршооны тухай хуулийг сурталчлан таниулах арга хэмжээг өнөөдөр /2021.09.08/ зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан Хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болж буй юм. Тодруулбал, есөн  хоршоо  Зээлийн гэрээнд гарын үсэг зурж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан  арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ “2019 оны Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 40 дүгээр тогтоолыг баталж Жижиг, дунд үйлдвэр, хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор  Сум хөгжүүлэх санг Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчилж хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлээд байна.

Мөн 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх ажлууд хийгдэж байгаа ба загвар хоршоодыг байгуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйг цахимжуулах, ХАА-н биржийн үйл ажиллагааг хоршооны үйл ажиллагаатай уялдуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр  ажиллаж байна.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулиар “Хоршооны гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд зуучлан борлуулсан орлого нь НӨАТ-аас чөлөөлөгдөх” өөрчлөлтийг оруулж хоршоогоор дамжуулан түүхий эд, бараагаа дундын олон дамжлагагүйгээр өндөр үнээр борлуулах, биржээр арилжаалах нөхцөл бүрдлээ.” гэсэн юм.

Тодотгоход, тус арга хэмжээ 9-ний өдөр мөн үргэлжилнэ. Сонгинохайрхан дүүрэгт Загвар хоршоодтой танилцах үйл ажиллагаа болох юм. Тодруулбал,  ‘Цэвэр хөрсний шим” дундын хоршоо, “Жаргалант сүү” хоршоо болон Хөдөө аж ахуйн биржийн ложистикийн төвтэй танилцах үйл ажиллагаанууд тус тус зохион байгуулагдана.