З.Мэндсайхан: Өвөлжилт хүндрэх учир малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамруулахыг уриалж байна

З.Мэндсайхан: Өвөлжилт хүндрэх учир малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамруулахыг уриалж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, 2021-2022 оны өвөлжих, хаваржих бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв. 

Өвөлжих бэлтгэл хангах ажлын хүрээнд Засгийн газраас 221 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн хүрээнд, энэ жилийн өвөлжих, зудын эрсдэлийг тодорхойлох ажлын баг байгуулжээ. Мөн Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын албан даалгавар гарч, өвөлжих бэлтгэлийг хангахад аймаг, орон нутгийн малчин, тариаланчидтай хамтран хадлан тэжээл, ургацыг бүрэн хураах чиглэл гарсан гэдгийг мэдээллийн эхэнд тодотгов. 

Хадлан тэжээл бэлтгэх ажилд өмнөх жилүүдээс харьцангуй их тоног төхөөрөмж гаргаж буй аж. Тодруулбал, Беларусийн Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.3 сая еврогийн өртөг бүхий 538 нэр төрлийн хадлан авах, хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсэн байна. Улсын хэмжээнд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөгөө өнөөдрийн байдлаар 13 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил хур бороо ихтэй байгаагаас үүдэж хадлан тэжээл бэлтгэх ажил хойшлох төлөв ажиглагдаж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэлдээ дурдлаа. 

Тэрбээр, "Цаг уурын байгууллагын мэдээгээр, өвөлжих нөхцөл байдал амаргүй байхаар байна. Учир нь энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс чийгтэй байгаа. Намар эрт сэрүүсэх төлөвтэй байгаа тул чийгтэй газрын хөрс шууд хөлдөх эрсдэлтэй. Ингэснээр, намар эрт цас орсвол хөрсөн дээр мөсөн бүрхүүл тогтож зудын эрсдэл болох магадлалтай. Тиймээс УОК-той хамтран эрсдэлийн үнэлгээ гаргаж байна. Малчиддаа зөвлөхөд, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг уриалж байна" хэмээв. 

Энэ жил сум, орон нутгийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай байна. Нийслэлд 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэх зорилгоор, 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкаар дамжуулан гурван хувийн хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Засгийн газраас хүүний зөрүү төлбөр болох 7.65 хувийг нь төсөвт суулган шийдвэрлэхээр болсон байна. Дотоодын мах бэлтгэх ажилд 17 аж ахуйн нэгж урьчдилсан байдлаар гэрээгээ хийж, арилжааны банканд судалгаа хийлгэж байгаа юм. 

Энэ жилийн ургацын урьдчилсан баланс өөдрөг гарсан ч ургац бүрэн авахын тулд хүн, хүчний асуудал хомс байгаа. Тиймээс Засгийн газар, ХХААХҮЯ хамтарч 1600 цэрэг, 113 оюутан, хөдөлмөрийн биржээс 1200 иргэнийг ургац хураалтад ажиллуулахаар гэрээ байгуулжээ. Ургац хураалтад энэ жил нийт 1000 гаруй компани оролцоно. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллийнхээ төгсгөлд, "Засгийн газраас энэ хавар санаачлан УИХ-аас баталсан Газар тариалангийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн хүрээнд 50 орчим комбайн хувийн аж ахуйн нэгжүүдээр дамжин орж ирсэн. Намрын ургац хураалтад техник хангалттай бэлэн. Үр тариа авах элеватор, савны ариун цэврийн технологийн ажлыг хийсэн. Газар тариалангийн тоног төхөөрөмжийн Гааль, НӨАТ-ыг чөлөөлснөөр, төрөөс 18 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлээд байна" хэмээлээ.