МОНГОЛБАНК: Мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынхаас 60,4 тэрбум төгрөгөөр өссөн

МОНГОЛБАНК: Мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынхаас 60,4 тэрбум төгрөгөөр өссөн

Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монгол банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгсөн.

Мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгөний жилийн өсөлт 2019 оны долдугаар сарын байдлаар 17,9 хувьд хүрч, 20,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 0,3 буюу 60,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн зүйл бол валютын харилцах нэмэгдсэн явдал. Өөрөөр хэлбэл экспортлогч аж, ахуй нэгжүүдийн валютын орлого нэмэгдсэнтэй холбоотой.

Харин төгрөгийн харилцах өнгөрсөн долоон сард 311,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь томоохон аж, ахуй нэгжүүдийн татварын төлөлттэй холбоотой.

Мөнгөний нийлүүлэлтийн эх үүсвэрийн хувьд төгрөгийн хадгаламж 53,7 хувь,төгрөгийн харилцах 15,5 хувь, гадаад валютын хадгаламж 14,4 хувь, гадаад валютын харилцах 13,2 хувийг эзэлж байна.

Нийт хадгаламжийн хэмжээ 13,8 их наяд төгрөгт хүрсний 84,1 хувийг иргэдийн хадгаламж, 15,9 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Хадгаламжийг валютын төрлөөр авч үзвэл 20,7 хувийг иргэдийн хадгаламж, 21,7 хувийг байгууллагын хадгаламж эзэлж байна. Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсч, 18,1 их наяд төгрөгт хүрчээ.

Үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 9,3 их наяд төгрөгт буюу жилийн өсөлтөөр 22 хувьтай тэнцэж байна. Харин байгууллагуудын зээлийн үлдэгдэл 8,7 их наяд төгрөг буюу жилийн өсөлтөөр 12 хувьтай тэнцүү байгаа юм. Нийт зээлийн 13 хувийг гадаад валютын зээл эзэлж байна. Үүн дотроо иргэдийн зээл 1,6, хувийн байгууллага 26 хувийг бүрдүүлж байна.

Нийт зээлийн 23 хувийг цалин тэтгэвэр, 16 хувийг худалдааны зээл, 11 хувийг үл хөдлөх салбар, 9 хувийг барилгын салбар эзэлж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ 10,6 хувьтай тэнцэж байгаа бол хугацаа хэтэрсэн зээл 4,8 хувьтай тэнцүү байна. Хугацаа хэтэрсэн зээлийг эдийн засгийн бүтцээр нь үзэхэд, барилгын салбар 25, даатгалын салбар 19, худалдааны салбар 15, цалин тэтгэвэр 13 хувийг тус тус эзэлж байна.