ХӨСҮТ-ийг зохион байгуулалтаа сайжруулж, иргэдийг чирэгдүүлэхээ боль гэж үүрэгдэв

ХӨСҮТ-ийг зохион байгуулалтаа сайжруулж, иргэдийг чирэгдүүлэхээ боль гэж үүрэгдэв

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээг өгөх иргэдийн тоо огцом өсч ХӨСҮТ-д шинжилгээ өгөх цаг олдохоо больжээ. Үүнээс үүдэн тус эмнэлгийн гадна урт дугаарлалт бий болж, иргэдийн бухимдал, шүүмжлэл ч их гарах болов. 

ХӨСҮТ нь өдөр бүхэн 8.30-11.00 цаг хүртэл иргэдээс PCR шинжилгээг авч байгаа билээ. Гэтэл уг цагт амжиж шинжилгээ өгөх иргэд өглөөний 6.00 цагаас эхлэн урт дараалал үүсгэж, зарим нь шинжилгээгээ өгч чадахгүй байгаа юм. Гурван өдөр өглөө эрт дугаарлаж зогссон ч шинжилгээ өгч чадахгүй буцах иргэд бий аж. Энэхүү нөхцөл байдал дээр Шадар сайд С.Амарсайхан ажиллаж, удирдлагуудад үүрэг өгчээ.

Шадар сайд С.Амарсайхан “Ачаалал ихтэй байгааг ойлгож байна. Гэхдээ ингэж урт дараалал үүсгэж, хүмүүсийг шөнөжин хүлээлгэнэ гэж юу байх вэ. ХӨСҮТ одоо зохион байгуулалтаа яаралтай сайжруул. Ийм л байх ёстой гэж орхиж болохгүй. Энэ бол зохион байгуулалтын асуудал. Ялангуяа эмнэлэгт үзүүлэхэд болон бусад тохиолдолд заавал PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр түргэвчилсэн шинжилгээний хариу, шинж тэмдгээр нь оношил. Ингэж иргэдийг чирэгдүүлж болохгүй” гэсэн юм.

Дугаарлаж буй хүмүүсийн ихэнх нь ойрын хавьтал болсон, ажилд орох, эмнэлэгт үзүүлэхийн тулд шинжилгээ өгч байна.