Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг огт ярихгүй

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг огт ярихгүй

Засгийн газрын зарим сайд нарыг "сугалах" буюу хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх тухай мэдээлэл сүүлийн үед улс төрийн хүрээнд их яригдах болсон. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуултад хариулт өгчээ. Тодруулбал, тэрбээр Ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хаалттай уулзалт хийх үеэрээ энэ талаар ярьсан байна. 

Тэрбээр "Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Түүний хэлснээс товчхон дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам тээврийн сайд Л.Халтар тэргүүтэй сайд нарыг огцруулах асуудал ойрын хугацаанд яригдахгүй бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юунд найдан ингэж итгэлтэй ярьсан бэ гэдэг нь ч анхаарал татаж байна. Ямартай ч түүний Засгийн газрын хувь заяа хөшигний цаана яригдсан нь үнэн бөгөөд тэрбээр "гал"-ыг дарж, тохироог тал бүрд сайн хийж чадсан байна гэж дүгнэж болохоор байна. АН-аас Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж хэдэнтээ сүрдүүлээд авсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгаар дамжуулж "базсан" билээ. Тодруулбал, Х.Баттулгыг өөрийнхөө зөвлөхөөр томилж Засгийн газартаа бэхэлгээ хийсэн юм. Мэдээж зөвлөхийн цаана маш том тохироо бий. Нөгөөтэйгүүр МАН-даа нөлөө бүхий хүмүүстэй тохиролцож ойлголцсон гэдэг нь ч сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлаас харагдаж байна. Тухайлбал, өмнөх Ерөнхий сайдуудыг нэг дор суулгаад Оюутолгойд баримталж буй өөрийнхөө бодлогыг дэмжүүлж яриулсан гэх мэт.