СУРВАЛЖИЛГА: Өмнөговь аймгийн Цогтцэцийд 600 сая төгрөгөөр баригдсан “Наадмын талбай” улсын комисс авахаас өмнө БАЛГАС болжээ

СУРВАЛЖИЛГА: Өмнөговь аймгийн Цогтцэцийд 600 сая төгрөгөөр баригдсан “Наадмын талбай” улсын комисс авахаас өмнө БАЛГАС болжээ

Isee.mn сайтын сурвалжлах баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа Цогтцэций сумаар дайран өнгөрсөн юм. Энэ үеэр тус суманд баригдаж буй Наадмын талбайн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тайлбар: Цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэлийн 80 хувьтай байгаа байдал

-НААДМЫН ТАЛБАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ "80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА" ХЭМЭЭН ДҮГНЭЖЭЭ-

2019 онд Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар “Цогтцэций суманд цэнгэлдэх хүрээлэн байгуулах” 600 сая төгрөгийн төсөв бүхий тендер зарлажээ. Үүнээс өмнө буюу 2018 онд аймгийн орон нутгийн өмчийн газар тус цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн тендерийг мөн 40 сая төгрөгийн төсөв бүхий санхүүжилтээр зохион байгуулсан байна. Ийнхүү барилгын ажил эхэлж, энэ оны байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Төрийн аудитын газраас  гаргасан "2020 оны төсвийн гүйцэтгэл"-д хийсэн тайланд “цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэлийг 80 хувь” хэмээн дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын ихэнх хэсэг нь дууссан гэсэн үг. Гэвч биднийг очиход тэс өөр нөхцөл байдал угтав.

Хаалгаар оруут юу нь үл мэдэгдэх хэдэн төмөр ёрдойх бөгөөд хагас дутуу барьсан тайз, сандал, явган хүний зам байв. Мөн архины шил, шар айрагны лааз хаа сайгүй хөглөрч байсан нь шинэ цэнгэлдэхийн дутуу барилга архидан согтуурах газар болж хувирсан уу гэлтэй. Товчхондоо, 80 хувийн гүйцэтгэл хэн ч харсан биш байлаа.

Сонирхолтой нь оны дараахан буюу нэгдүгээр сард сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн, Засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх нар барилгын явцтай танилцахад “92 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд гуравдугаар сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” талаар гүйцэтгэгч компани мэдээлж байжээ. 

Цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл. Omnogovi.gov.mn

-ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ НЬ ЯМАР КОМПАНИ БАЙВ-

2020 онд Өмнөговь аймгийн 15 сум бүх салбарыг хамарсан бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, үүний хүрээнд Баян-Овоо, Цогтцэций сумдад Цэнгэлдэх хүрээлэн байгуулахаар болсон юм. Ийнхүү дээр дурдсанчлан 2019 онд тендер зарласан. Tender.gov.mn сайтад бүртгэгдсэнээр эхний тендерийг 2019 оны наймдугаар сард зарлаж,

  • Гүнчимэгтэй
  • Эс жи эм
  • Толинхотхон
  • Шүтээн-Эрдэнэ гэсэн компаниуд оролцжээ. Гэвч тус дөрвөн компани дөрвүүлээ тодорхой шаардлага хангаагүйн улмаас хасагдсан байна.

Үүний дараа мөн оны аравдугаар сард нийтэлсэн мэдээллээр “Эс жи эм”, “Бавгар”, “Говийн харш” гэсэн гурван компани тендерт оролцсон ч мөн л дээрх шалтгаанаар хасагджээ. 

Харин тус сумын Засаг даргын тамгын газрын албан ёсны пейж хуудсанд гүйцэтгэгчээр "Ихкаркас констракшн" ХХК шалгарсан талаар бичсэн байсан юм. "Ихкаркас констракшн" ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд барилгын материалын худалдаа, засвар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нь Ц.Даваажав гэх хүн аж. 

-СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛСАН НЬ ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ЮУ-

Өнгөрсөн Баасан гараг/2021.09.10/-т Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж Засаг дарга Ц.Ууганцэцэгийг олонхын саналаар огцруулсан. Ц.Ууганцэцэг нь МАН-ын гишүүн. Гэвч хуралдаанаар өөрийнх нь намын 14 гишүүн бүгд түүнийг огцруулахыг дэмжжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засаг даргыг огцруулсан нь төсвийн зарцуулалттай холбоотой аж. 

Тодруулбал, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны Орон нутгийн хөрөнгийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын хэрэгжилтэд хяналт хийхэд нэлээдгүй зөрчил илэрсэн байна. Энэ талаар Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэнд хурлын өмнөх өдөр илгээсэн бичигт "Өмнөговь аймгийн санхүүгийн хяналт, аудитын газрын дарга Ц.Энхтуулын 2021 оны 6 дугаар сарны 14-ний өдөр гаргасан албан тоот болон санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Ц.Ууганцэцэг нь сумын Засаг дарга хийх үедээ төсвийн тухай хуулийг зөрчсөн байна... Ц.Ууганцэцэг нь сумын Засаг даргаар ажиллах ёс зүйн хувьд тохиромжгүй бөгөөд санхүүгийн зөрчил болон хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүд нь нотлогдож байгаа тул сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна" гэжээ.

Ийнхүү орон нутгийн төсвийн хагас тэрбум орчим мөнгөөр Наадмын талбай барьсан ч ашиглалтад орохоосоо өмнө балгас болжээ. 

Үргэлжлэл бий...

Tender.gov.mn

Өмнөговь аймгийн Төрийн аудитын газраас энэ онд гаргасан тайланд “Цогтцэций суманд Цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажил”-ын гүйцэтгэл 80 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 447 сая” гэжээ

tender.gov.mn системд 2019 оны 8 дугаар сарын 13-нд оруулсан мэдээлэл

tender.gov.mn системд 2019 оны 10 дугаар сарын 24-нд оруулсан мэдээлэл