Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүд, засаг дарга нартай "Тэрэлж"-д НУУЦ уулзалт хийж, зарим асуудлаар тохирчээ

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүд, засаг дарга нартай "Тэрэлж"-д НУУЦ уулзалт хийж, зарим асуудлаар тохирчээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба, ням гараг /2021.09.11,12/-т МАН-ынхан Тэрэлжид маш нууц уулзалт хийсэн байна. Нууц гэж тодотгож буй нь уулзалтад ирсэн хүмүүсийн гар утсыг унтраалгаж, өндөр хамгаалалт дор байлгажээ.

-ТЭРЭЛЖИД БОЛСОН НУУЦ УУЛЗАЛТЫН МЕНЕЖЕРЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ АЖИЛЛАЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нар болон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзсан байна. Уулзах шалтгаанаа 2022 оны  төсвийн хуваарилалт, тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцэх гэж тайлбарласан ч хачир дээрээ дотоод тохироогоо хийсэн гэж эх сурвалж мэдээллээ. Тэд доорх гурван асуудлаар тохирчээ.

Тодруулбал,

  1. Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхгүй байх
  2. Ирэх арваннэгдүгээр сард товлогдсон Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг "хэл, амгүй" намын даргаар жинхлэх.
  3. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүд болон сайд нарыг тоог нэмэх асуудлаар ярилцаж тохирчээ.

Уг уулзалтын менежерээр хүн бүхнийг налж гүйдэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажилласан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсвөө хуваарилан барин байж гишүүдтэйгээ тохирсон бололтой. Ямартай ч уг уулзалтын дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулна гэх асуудал хэсэгтээ намжив гэдэг яриа улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ ойрын хэдэн сарын асуудлаа базаж чаджээ. Мөн уг уулзалтаас гурав хоногийн өмнө тэрбээр Засгийн газрын сайд нараа дуудаж уулзан “Хэнийг ч огцруулахгүй. Тайван ажлаа хийж болно. Улс төрийн тохироо хангагдсан” гэжээ. Тиймээс тэрбээр том, жижиг бүх тохироогоо хийсэн гэдэг нь дээрх үйл явдлуудаас харагдаж байна.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОЖ САЙД НАРЫГ УИХ-ААС СОНГОНО ГЭЖ ЯРИЛЦЖЭЭ-

Эрх баригч намын даргад зовлон их бий. Ерөнхий сайд, намын дарга гэх асар их эрх мэдэлтэй харагдавч дотоод зовлондоо шаналж явдаг нь үе, үеийн энэ албан тушаалтан, эрх мэдэлтэнд тулгарч ирсэн асуудал. Хэн ч үгэнд нь ордоггүй, УИХ-ын гишүүд нь “Бид нартай ойлголцохгүй бол цааш явуулахгүй шүү. Засгийн газрыг чинь огцруулна шүү” сүрдүүлж гүйгээд толгой өвтгөх шалтгаан их. Л.Оюун-Эрдэнэ ч энэ замыг туулж явна. Гэхдээ тэрбээр уг замыг туулахдаа жижгүүдийг хууль хүчний байгууллагаар шалгуулан айлган сүрдүүлж, томчуудтай нь тохирох хэлбэрээр Засгийн газраа авч үлдэх тохироонд хүрч байна. 

Үүнийг дагаад арваннэгдүгээр сард болох Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ асуудал, хүндрэлгүй намын даргаараа жинхлэгдэх нь. Дараа нь УИХ-ын намрын чуулганаар Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яамыг байгуулах, цар тахлын үеийн эдийн засгийн хөтөлбөр, 2022 оны улсын төсвийн тодотгол, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг ярина гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, сайд нарын тоог нэмэгдүүлж УИХ-аас сонгох, 74 жижиг мандаттай сонгууль хийж 24-ийг намын жагсаалтаар оруулж ирэх гэх мэт асуудлыг ярилцахаар бэлтгэж байгаа мэдээлэл байгаа юм. Ингэснээр УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдаар ажиллаж “давхар дээл”-тэй болно гэсэн үг.

Өнгөрөгч парламент 2019 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэж заасан байдаг. Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН журмын тухай хуулиа өөрчилж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дахин хэлэлцэхээр болжээ. Үүний шалтгааныг парламентын засаглалыг гүнзгийрүүлэх, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг улам баталгаажуулахтай холбон тайлбарлаж байна. Үүнийгээ ч өнгөрсөн амралтын өдрийн уулзалтаар ярилцжээ.