СУРВАЛЖИЛГА: ЗГ-ийн төлөөлөгчөөр Н.Амарзаяа томилогдож, “40 жолооч нэг бөмбөлөг” болсноор халдвар багасан, нүүрсний экспорт нэмэгджээ

СУРВАЛЖИЛГА: ЗГ-ийн төлөөлөгчөөр Н.Амарзаяа томилогдож, “40 жолооч нэг бөмбөлөг” болсноор халдвар багасан, нүүрсний экспорт нэмэгджээ

Коронавируст халдварын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Цагаан хад боомт дахь нүүрс тээврийн жолооч нарыг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд ороод байна.   Мөн цахим сүлжээнд,

  • Засгийн газраас  Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг томилсноор жолооч нарын эрх зөрчигдөж байна,
  • Цагаан хаданд жолооч нарыг бөмбөлгийн зохион байгуулалтад оруулсан нь оновчтой биш бөгөөд эрх тэгш байдлыг хангаж чадахгүй байна,
  • БНХАУ-ын иргэдийг оруулж ирэн, тээвэр хийлгэх гэж байна гэх мэт мэдээллүүд түгээд буй.

Тэгвэл уг мэдээллүүдийг нягталж, үнэн бодитой эсэхийг тодруулахаар Isee.mn сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьсон юм. Улмаар Цагаан хад боомтын зохион байгуулалтад гар бие оролцон ажиллаж буй шат шатны удирдлага, албан хаагчид мөн нөгөө талаас нүүрс тээврийн жолооч нартай биечлэн уулзаж, ярилцахад дээрх мэдээллүүд дараах баримтуудаар няцаагдлаа.

-БАРИМТ 1. ЗАСГИЙН ГАЗРААС ХИЛИЙН БООМТЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ ЗАХИРГААГ ТОМИЛСНООР ЖОЛООЧ НАРЫН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА ГЭХ МЭДЭЭЛЭЛ НЬ ДАРААХ БАРИМТААР НЯЦААГДАВ-

Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргааг өнгөрсөн зургадугаар сард Засгийн газраас байгуулж, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг дэд даргаар нь томилсон.

Захиргаа томилогдохоос өмнө Цагаан хад суурьшлын бүсэд халдвар нэмэгдэж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл нүүрсний экспорт бүрэн зогсоод байв. Товчхондоо, маш хүнд байдал үүсээд байсан. Улмаар Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргаа байгуулагдсанаар Цагаан хад суурьшлын бүсийг эрүүл, ногоон бүс болгох бодлогын хүрээнд шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж, эерэг үр дүнгүүд гарч эхэлжээ. Тухайлбал,

Нэг жолооч-нэг компани-нэг-тээврийн хэрэгсэл журмаар нүүрс тээврийг зохион байгуулснаар жолооч нар аль өндөр үнэ амласан компани руу очиж, дураараа тээвэрлэлтэд явдаг эмх замбараагүй харилцаа зогссон байна. Мөн нүүрс тээвэрлэлт хийдэг компаниудад шаардлага тавьж эхэлснээр жолооч нар байрлах аюулгүй, тав тухтай кемпүүд шинээр баригдсан аж. Өмнө нь ихэнх нь жолооч нар олон хоног машиндаа тусгаарлагддаг байсан бол одоо эрүүл ахуйн шаардлага хангасан кемпүүдэд тусгаарлагддаг болсон талаар тэд онцлон хэлж байлаа.

ВИДЕО ҮЗЭХ: 

Биднийг Гашуунсухайт боомт руу явах замд хэд хэдэн кемп тааралдсан бөгөөд бүгд ариун цэврийн өрөөтэй, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, жолооч нарын амрах тав тухтай орчныг бүрдүүлсэн байлаа. Энэ нь нөгөө талаар Хилийн Боомтын Захиргаанаас мэргэжлийн хяналтын тусгай баг гаргаж, кемпүүдэд шалгалт, дүгнэлт хийдэгтэй холбоотой юм.

Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргаа байгуулагдахаас өмнө хоногт хилээр нэвтрэх машины тоо 150 орчим байсан бол одоо 280 болж өссөн байна. Мөн бүрэн зогсоод байсан тээврийн компаниудын чингэлэг ачаа барааны машины тоог 50 болгожээ. 

Өнөөдрийн байдлаар боомтоор хоногт 320 нүүрс тээврийн болон импортын барааны машин нэвтэрч байгаа аж.

Нүүрсний экспортын тухайд Гашуунсухайт боомтод хуримтлагдаад байсан нүүрсний хэмжээ долдугаар сарын 30-ны байдлаар 9,2 сая тонн байсан бол есдүгээр сарын 12-ны байдлаар 8.6 сая болж буурсан байна. Энэ мэт Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргаа нүүрс тээвэрлэлт явуулдаг компани, жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, удирдлагаар хангаснаар халдварын нөхцөл байдал сайжирч, нүүрс тээвэрлэлт нэмэгдсэнээр зогсохгүй жолооч нарын ажиллах, амрах орчин сайжирсан нь харагдаж байлаа.

-БАРИМТ 2. ЦАГААН ХАДАНД ЖОЛООЧ НАРЫГ БӨМБӨЛӨГ БҮЛЭГТ 40 ХҮРТЭЛХ ТООГООР ХУВААСАН НЬ ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙ БАЙНА ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ЖОЛООЧ НАР ҮГҮЙСГЭВ-

Гашуун сухайтын боомтод долдугаар сарын 16-аас нүүрсний экспорт эхэлсэн. Экспорт эхлэхэд нийт 447 жолооч Цагаан хад суурьшлын бүсэд тусгаарлагдаад байжээ. Үндсэндээ халдвар ихээр гарч, онц аюултай нөхцөл байдал үүсээд байв. Улмаар Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт захиргаа бүх жолооч, ажилчдыг нэгдсэн журмаар гаргаж, нэгдмэл зохион байгуулалтын ажлуудыг хийж эхэлсэн байна. Мөн Зам Тээврийн Хөгжлийн Яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан Хөх хотын боомтын удирдлагуудтай ярилцан жижиг битүүмжилсэн тээвэр буюу бөмбөлгийн зохион байгуулалтад жолооч нарыг оруулжээ.  Уг зохион байгуулалтын талаар тайлбарлавал,

Жолооч нар хилээр нүүрс гаргахдаа эхлээд Монголын талд PCR шинжилгээ өгдөг. Хэрэв эерэг гарвал тухайн хүний харьяалагдаж байсан бөмбөлгийг л Цагаан хад суурьшлын бүсээс гаргана. Харин бусад бөмбөлгийн үйл ажиллагаа зогсохгүй, хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм. Нэг бөмбөлөг 40 жолоочтой. Уг тоог автобусанд багтах хэмжээгээр тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Цагаан хаданд тус бүр 40 хүнтэй 100 бөмбөлөг үйл ажиллагаа явуулж байна.

Биднийг Гашуун сухайтын боомтод очиход Авто тээврийн Үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням бөмбөлгийн зохион байгуулалтын талаар “Бөмбөлгийн зарчмын хамгийн том давуу тал нь тухайн жолооч халдвар авсан эсэхийг Монголын талд шинжилж, хэрэв эерэг гарсан тохиолдолд урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг шуурхай авах боломжтой” гэсэн мэдээллийг өгсөн юм.  

Авто Тээврийн Үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням

Өмнө нь Цагаан хадад эерэг тохиолдол батлагдвал хилийг тэр чигт нь хаадаг байсан. Харин бөмбөлгийн зохион байгуулалт хэрэгжиж эхэлснээр уг байдал өөрчлөгдсөн гэдгийг жолооч нар ч хэлж байлаа.

ЖОЛООЧ НАР:

Энэ талаар нүүрс тээврийн жолооч Ц.Өлзийбаяр  “Жолооч нарыг бөмбөлөг системд оруулж буй нь маш сайн зохион байгуулалт гэж бодож байна. Тухайлбал, манай компанийн бөмбөлөг өөр компанийн бөмбөлөгтэй холилдох ямар ч нөхцөл үүсэхгүй. Монголын болон Хятадын талд шинжилгээ өгсөн ч, ачаа тээвэр хийсэн ч өөр бөмбөлгийн жолооч нартай харьцахгүй учраас халдвар авахаас сэргийлж чадаж байгаа юм. Энэ систем шинжлэх ухаан талаасаа ч нүүрс тээвэрлэлтэд маш тохирсон гэж бодож байна” гэсэн юм. 

Мөн нүүрс тээврийн жолооч Б.Эрболд “Жолооч нар өмнө нь халуун, хүйтэн нөхцөлд тэвштэй, тэвшгүй машинд хоол унд муутай тусгаарлалтын өдрүүдээ өнгөрөөдөг байсан. Харин одоо компани болгон кемптэй болж, дулаахан тав тухтай нөхцөлд тусгаарлагддаг боллоо. Мөн бөмбөлгийн зохион байгуулалтад шилжсэнээр жолооч нар цар тахлын үед гадуур дураараа явж, халдвар авдаг байдал байхгүй болсон” гэв.

Биднийг боомт дээр очиход жолооч нар ийнхүү бөмбөлгийн зохион байгуулалтыг хэрэгжүүлснээр ямар эерэг өөрчлөлт гарсан талаар ярьж байлаа. Гэвч нөгөө талаар иргэдийн дунд бөмбөлөг үүсгэх зөвшөөрлийг Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргаа олгодог гэсэн ойлголт үүсээд байна. Угтаа боомт дахь тээврийн бүхий л зохицуулалтыг Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргаа бус Авто тээврийн үндэсний төв хариуцаж хийдэг талаар албаныхан хэлсэн юм.  

-БАРИМТ 3. БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ ОРУУЛЖ ТЭЭВЭР ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ГЭДГИЙГ ХЭЛЭВ-

Цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудад нөхцөл байдал хүндэрч экспорт тэг зогсох, ачаа тээвэрлэлт гацах зэрэг бэрхшээл үүссэн. Тиймээс Гашуунсухайт боомтод ачаа тээвэр, тээврийн машины жолооч нарыг хил нэвтрүүлэхгүйгээр чингэлэг ачаа тээвэр буулгах шинэ терминалын бүтээн байгуулалтыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Уг ажлыг эхлүүлэхтэй зэрэгцэн Хятадаас жолооч авах асуудал нийгэмд багагүй дуулиан үүсгээд байна. Тэгвэл бид Гашуунсухайтын боомтод ажиллахдаа энэ талаар Хилийн Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргааны орлогч дарга Н.Амарзаяагаас тодруулж, хариулт авсан юм. Тэрбээр

“Чингэлэг тээврийн терминалтай холбоотой Монгол улсын Засгийн газрын тушаал гарч, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтуудад баригдсан. Гашуунсухайт боомтын терминал есдүгээр сарын 18-нд ашиглалтад орно. Энэ нь хоёр улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр шийдэгдэх асуудал. Одоогийн түвшинд бид Цагаан хаданд байгаа Гаалийн хяналтын бүсээс ачаа барааг чингэлгээр терминал руу хүргэх, богинын жолооч хоёр км-т чингэлгийг ачиж урагшаа нүүрс тээвэрлэлт хийх зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хийж байна. Тэгэхээр хоёр улсын хэлэлцээрийн түвшинд энэ асуудал шийдэгдэнэ. Харин Хятад жолоочийг оруулж ирэх тухай урд боомтоос мэдэгдээгүй. Ийм асуудал яригдаагүй. Терминал барьснаар одоо явж буй үндсэн замд нөлөөлөхгүй, тээвэрлэлт хэвийн явагдана” гэсэн юм.

Биднийг газар дээр нь очиж ажиллахад бодит байдал цахим сүлжээнд түгээд буй үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүдээс тэс ондоо байсныг энд онцлох нь зүйтэй болов уу. Хилийн  Боомтын Онцгой Бүрэн Эрхт Захиргаа байгуулагдсанаар боомтын үйл ажиллагаа цэгцэрч, нүүрс тээврийн компани, жолооч нар нэгдсэн зохион байгуулалтад орсон төдийгүй манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний экспорт нэмэгдэн, нөгөө талаас жолооч нарын эрх ашиг, ажиллах нөхцөл ч сайжирсан нь харагдаж байлаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө