Төр түшилцэж буй “Hero энтертаймент”-ийн уран бүтээлч, ДЭЛГЭЦИЙН ОДУУД

Төр түшилцэж буй “Hero энтертаймент”-ийн уран бүтээлч, ДЭЛГЭЦИЙН ОДУУД

Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд, “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байдаг. Мөн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заажээ.

Товчхондоо, Монгол Улс парламентын засаглалтай, иргэд УИХ-д сонгосон төлөөллөөрөө уламжлан төрийг удирдах хэрэгт оролцоно гэж ойлгож болно. Харин өдгөө УИХ болон Засгийн газарт зарим талаар “тайз дэлгэцийн олны танилууд” иргэдийн төлөөлж төр түшилцэж байна.

-ТӨР ТҮШИЛЦЭЖ БУЙ HERO ЭНТЕРТАЙМЕНТ ГРУППИЙНХЭН-

Тодруулбал, Hero энтертайманент группийн бэлтгэн гаргадаг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн гэсэн албан тушаалыг хашиж байна. Мөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн спонсор, хөтлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг хашиж, саяхан бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэрээр өдгөө Hero энтертайманент групп ХХК-ийн хувь эзэмшигч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх гэсэн албан тушаалд томилогдоод байна.

Hero энтертаймент группийг Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран эзэмшдэг. Эх сурвалж: Burtgel.mn

Харин Л.Оюун-Эрдэнийн ах, Hero энтертаймент группийн найруулагч Б.Баатар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын пиар, сурталчилгааны ажлыг хариуцдаг нэгэн. Улмаар Х.Баттулгын спорт, улс төрийн багийн гишүүн болох Н.Түвшинбаяр, Асашёорюү Д.Дагвадорж нартай найруулагч Б.Баатар ойр дотно нөхөрлөж, уран бүтээлдээ ч түлхүү оролцуулдаг. Н.Түвшинбаяр, Асашёорюү Д.Дагвадорж нарын хувьд АН-ын ҮБХ-ны гишүүд төдийгүй тэднийг Х.Баттулга тус намд оруулсан гэж болно.

Харин Н.Түвшинбаяр өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөх гэсэн албан тушаалыг хашиж буй. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж” Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө томилсон гэж буй.

Цаашлаад Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн ах Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар ч тэдэнтэй нэг баг байж мэднэ. Мөн УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч багтахыг үгүйсгэхгүй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хамаатнууд.

-ТӨР ТҮШИЛЦЭЖ БУЙ МОНГОЛ HD ТЕЛЕВИЗИЙНХЭН-

Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын пиар, сурталчилгааг хариуцдаг. Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэнг олны танил болгож байв. Тодруулбал, Л.Мөнхбаясгалан “Элэг нэгт Монголчууд” хөдөлгөөнийг санаачилж, тус аянаараа Ж.Чинбүрэнг олонд танилцуулж, улмаар УИХ-ын сонгуулиар ч түүнийг дэмжиж байв.

Өдгөө Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж УИХ-д сууж байна.

Харин Hero энтертаймент болон Монгол HD телевиз зарим уран бүтээл дээрээ хамтардаг. Тэгвэл өдгөө тус телевизийн захирал Ч.Номин Соёлын сайд гэсэн албан тушаалыг Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байна. Мөн Монгол HD телевизийн “Шарк танк” шоу нэвтрүүлгээр олны танил болсон Г.Амартүвшин өдгөө Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүн гэсэн албан тушаалд тухалж байна. Ташрамд дурдахад, тайз дэлгэцийн од, олны танилууд ийм л байдлаар МАН, АН гэлтгүй дээгүүрээ сүлбэлдэж, Монголын төрийг удирдаж байна.