Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар Аксель Никэйз томилогджээ

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар Аксель Никэйз томилогджээ

Европын Холбооноос (ЕХ) Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз ажлаа хүлээн авахаар 2021 оны 9 дүгээр сарын 5-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.

Тэрбээр өөрийн тветтер хуудаснаа “Монгол Улсад ажиллах болсондоо их баяртай байна. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, COVID-19-ийн эсрэг Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллах болно. Монгол сайхан орноор аялаж, түүх, соёл уламжлалтай танилцахыг догдлон хүлээж байна” гэжээ.

Элчин сайд Никэйз нь 1998 оноос хойш Европын Холбоонд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 27 жилийн хугацаанд ЕХ-ны төв Брюссель, Киргиз, Украин, Энэтхэг болон Вьетнамд Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүнээр тус тус томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр Брюсселийн Либре Их сургуулийн Олон улсын хууль зүй (MA), улс төр судлал болон олон улсын харилцааны (MBA) магистр зэрэгтэй. Түүний эх хэл франц бөгөөд англи, орос хэлтэй.