Г.Доржзодов: “60 тэрбум”-ын гэх хэргийг илчилсний хариуд намайг хичнээн ч удаа баривчлав, ухаж нэгжив, сүрдүүлж заналхийлэв

Г.Доржзодов: “60 тэрбум”-ын гэх хэргийг илчилсний хариуд намайг хичнээн ч удаа баривчлав, ухаж нэгжив, сүрдүүлж заналхийлэв

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх аудио бичлэгийг анх олон нийтэд цацаж, энэ тухай мэдээллийг иргэдийн анхаарлын төвд авчирсан иргэн Г.Доржзодовтой ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны аравдугаар сард хэвлэлийн бага хурал хийж “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгахдаа “АТГ нотлох баримтыг сольсон. Тагнуулын ерөнхий газраас бичлэгийг устгах ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдэгдсэн. Үүнээс хойш нам, гүм  байсан тэрбээр уг хэрэгтэй холбоотой асуудлаар одоо ч шүүхэд хандсан байгаа аж. “60 тэрбум”-ын гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа есдүгээр сарын 9-ны өдөр дуусна. Тэгэхээр энэ өдөр тус хэрэг хаагдаж магадгүй  гэх хардлага бий. Энэ  талаар болон бусад асуудлаар түүнтэй ярилцсан яриаг хүлээн авна уу.

-2017 ОНЫ ХАВАР НАМАЙГ КАФЕД СУУЖ БАЙХАД БАРИВЧИЛЖ ЗОХИОМОЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЭЭГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДҮНГ ЗАРЛАГДМАГЦ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БЭЛДЭЖ БАЙСАН -

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд 2018 оны аравдугаар сараас хойш хэвлэлээр ил гарсангүй. Тэр өдөр та хэвлэлийн бага хурал хийж, “АТГ нотлох баримтыг сольсон. ТЕГ-аас бүх бичлэгийг устгах ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдэгдсэн. Үүнээс хойш “60 тэрбумын” гэх хэрэг юу болж байна  вэ. Энэ  талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Анх 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн дөнгөж гармагц АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвой гэгч “60 тэрбум”-ын жинхэнэ аудио нотлох баримтыг хуурамч видео бичлэгээр солиод үүнийгээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбаатараар яаравчлан шинжлүүлээд хэргийг маш түргэн хаасан үйлдлийг би олж мэдээд энэ тухай өнгөрсөн намар олон нийтэд мэдээлсэн. Улмаар энэ асуудлыг би шалгуулахаар сая зургадугаар сарын 27-нд УЕПГ-т гомдол гаргасан юм. Одоо түүнийг ТЕГ-т эрүүгийн хэрэгт хамтатган шалгаж байгаа. Харин 2017 оны хавар дөрөвдүгээр сард намайг кафед сууж байхад баривчилж зохиомол эрүүгийн хэрэг нээгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн зарлагдаж, М.Энхболд МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдмогц намайг 2017 оны 7 сарын 14-ний дотор яллагдагчаар татахаар бүх зүйлийг бэлдэж байсан ТЕГ-ын мөрдөгч Т.Цэнджаргалын маш олон ноцтой үйлдлийн талаар сая зургаадугаар сард уг хавтаст хэрэгтэй танилцахдаа би олж мэдсэн юм.

Тухайлбал, энэ мөрдөгч миний эд зүйлд хуурамч нотлох баримт шургуулчихаад, түүнийгээ албан ёсоор үзлэг хийж баримтжуулсан. Мөн  миний гарын үсгийг тусгай техник ашиглан хуурамчаар үйлдсэн, “60 тэрбум”-ын хэргийн гэрэл зураг, текст мессеж, аудио бичлэг зэрэг нотлох баримт хадгалагдаж байсан миний iPhone утсыг буцааж өгөхдөө дахин ашиглах ямар ч боломжгүйгээр эвдсэн байсан гээд түүний 10 гаруй гэмт үйлдэлд нь би гомдол гаргаж УЕПГ-т саяхан буюу 6 сарын 21-нд хандсан байгаа. Одоо түүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтэс шалгаж байна.

Дээрх этгээдүүд ямар зорилгоор ийм зүйл хийж хэргийн ул мөрийг баллах, эд мөрийн баримт устгах, гэрчийг шоронд хийхээр хөдлөв гэдэг нь цаанаа буух эзэнтэй, буцах хаягтай, учир шалтгаан нь ойлгомжтой зүйл. Би асуудлыг хувь хүнд нь нааж хараад байгаа юм биш. Харин тэднээр ийм зүйл хийлгэж байдаг далд эздэд нь л хамаг учир байгаа гэж харагддаг.

-Уг хэрэгтэй холбоотойгоор та нэр хүндээ сэргээлгэхээр Ц.Сандуйд гомдол гаргаж шүүхэд хандсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө  үү.  Ц.Сандуй мөн хууль хяналтын байгууллагад дуудсаны дагуу очихгүй байгаа гэх мэдээлэл бий?

-Харин тийм. Ц.Сандуй өнгөрсөн оны 12 сарын 24-нд яг шинэ жилийн өмнөхөн Өдрийн сонинд МАН-ын эв нэгдэл гээд том гарчигтай их том ярилцлага өгсөн байдаг юм. Та олж харсан л байх. Ц.Сандуй уг ярилцлагадаа миний нэрийг 47 удаа дурдаж, утгагүй, логикгүй, үндэслэлгүй, авцалдаагүй баахан гүтгэсэн байсан. Бүр хоёр нүүр дүүрэн 47 удаа шүү. Төд удалгүй тэр өөрөө ч намаасаа хөөгдсөн. Тэгээд би Цагаан сарын дараахан нэр төрөө сэргээлгэхээр Ц.Сандуйг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Гэтэл Ц.Сандуй энэ тухай мэдэнгүүтээ оршин суугаа хаягаа будлиулчихаад энэ оны 3 сарын 9-нд хил даваад гялс зугатчихсан. Тэгэхээр нь би түүний албан ёсны гэрийн хаягийг олж тогтоолгохоор шүүхэд дахин хандаж эрэн сурвалжлуулсан юм. Цагдаагаас түүнийг эрэн сурвалжилж байгаад наадмаар Монголд орж ирмэгц нь олж уулзаад түүний хаягийг албан ёсоор тогтоосон байдаг юм. Гэтэл одоо шүүхээс түүнд уг хаягаар Мэдэгдэх хуудас явуулахаар хүлээж авахгүй, дахиад хаягаа будлиантуулчихаад зугтаасаар байгаа юм. Энэ хүн Монголын хуулийн байгууллагыг тохуурхах, даажигнах маягтай ингээд яваад л байна.

-Мөн А.Ганбаатарыг та шүүхэд өгсөн гэсэн. Ямар асуудлаар өгсөн юм бэ?

-Тиймээ. А.Ганбаатар буюу “хар” Ганбаатар өөрийн хуульч нарынхаа хамт 2017 оны наймдугаар сард Хэвлэлийн хурал хийхдээ намайг эвлүүлэгч гэж гүтгэсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг Ц.Сандуйгийн хамт намаасаа хөөгдмөгц би энэ асуудлаар нэр төрөө сэргээлгэхээр Иргэний хэргийн шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хагас жил өнгөрч байна. А.Ганбаатар ямар нэгэн байдлаар хугацаа хожих гэсэн арга хэрэглэсээр өнөөдрийг хүрч байна. Шударга үнэнийг ярьсан гэж өөрийгөө үзээд байгаа бол шүүхээр энэ асуудлаа эцэслэн шийдүүлж дуусгая л гэж түүнд хэлмээр байна.

-Эдгээр хүмүүс намаасаа хөөгдсөн шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Би 2018 оны наймдугаар сард МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд “60 тэрбум” асуудалтай холбоотойгоор олон хуудас баримттай гурван гомдол гаргасан юм. Миний гаргасан гомдлыг тус хороо шалгаад зарим нэгээс нь буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар хүртэл авсан байдаг юм байна лээ. Уг гомдлын мөрөөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 2019 оны хоёрдугаар сард намаас гарсанд тооцох буюу хөөсөн шийдвэр гаргасан гэж ойлгосон.

-БИ ЗҮГЭЭР Л ГЭРЧ ШҮҮ ДЭЭ-

-“60 тэрбум”-ын хэргийг шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Мөн Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Энэ талаар таньд мэдээлэл бий  юу. Таны гомдлоос тэс өөр хэрэг юм шиг санагдсан.

-Саяхан хэвлэлээр “...ТЕГ-аас 60 тэрбумын хэргийг шалгаж дуусаад Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татах саналтайгаар хэргийг хянуулахаар прокурорт шилжүүллээ...” гэх утга агуулгатай мэдээлэл түгсэн. Би хамгийн сүүлд өнгөрсөн 6 сард ТЕГ-т очиж дөрөв дэх удаагаа Гэрчийн мэдүүлэг өгснөөс өөр мэдээлэлгүй байна. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэмж нотлох баримтууд хүлээлгэж өгсөн. Угтаа прокурорт шилжсэн гэх энэ хэрэг маань анх 2016 онд АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвой улстөрийн нөлөөнд автаж хаасан хэрэг шүү дээ. Тэр үед хэрэг бүртгэлтийн хэргийн хэмжээнд явж байхдаа АТГ-204 дугаартай байсан юм. Харин миний өмгөөлөгч Г.Баасан 2017 оны зун УЕПГ-т удаа дараа хүсэлт гаргасаны дүнд тус газраас уг АТГ-204 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан Нийслэлийн прокурорын 2016 оны тогтоолыг хүчингүй болгож, улмаар ТЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж эрүүгийн 170200016 дугаартай хэрэг нээгээд, “60 тэрбум”-ын хэргийг мөрдөн шалгах ажиллагааг сэргээсэн байдаг. Гэвч уг ажлын хэсэг нотлох баримт эх хувиараа биш байна гэх шалтаг олж байгаад хэргийг дахин хаасан. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2018 оны зун “60 тэрбум”-ын асуудлаар олон ноцтой нотлох баримт цугласаныг ТЕГ-т хүлээлгэн өгсөнөөр дээрх ажлын хэсэг уг эрүүгийн хэргийг дахин сэргээн шалгах шаардлага үүссэн. Хэргийг шалгах явцад уг ажлын хэсгээс АТГ болон ЦЕГ гарсанаар татан буугдаж, ТЕГ дангаараа хэргийг шалгаад саяхан дуусгаж прокурорт шилжүүлсэн гэдгийг би хэвлэлээс л олж мэдлээ.

-Тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ  сарын 9-ны өдөр дуусах юм  байна лээ. Тэгэхээр шүүх шалгаж байгаа нэрийдлээр цаг хожиж тус хэргийг хаахаар бэлтгэж байна гэх хардлага олон нийтэд байна. Таньд мөн ийм хардлага бий юу?

-Мэдээж хардлага байлгүй яахав. Гэхдээ үндэслэлтэй хардлага. Анх уг хэргийг олон нийтэд мэдээлснээс хойш гурван жил өнгөрлөө. Зөвхөн гэрч намайг гутаан доромжлох, гүтгэн харлуулах, хавчин гадуурхах, хүчирхийлэх, нийгмээс хүч хэрэглэн тусгаарлах гэж дийлэнх хугацааг зарцуулсан шүү дээ. Энэ хугацаанд уг хэргийг илчсэний хариуд намайг хичнээн ч удаа баривчлав, ухаж нэгжив, эрүүгийн зүйл заалт тулгав, мөрдөн мөшгөв, сүрдүүлэн заналхийлэв, хүч далайлган бүслэв, гэмт хэрэгтэн болгох гэж нотлох баримтуудыг хичнээн ч удаа хуурамчаар үйлдэв гээд их олон зүйлийг үзэж харлаа, бас тууллаа. Би үүгээрээ хуулийн байгууллагуудыг бүхэлд нь харлуулах гээд байгаа юм биш. Харин улстөрийн нөлөө, эрх мэдэл бүхий гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг бүхэл бүтэн тогтолцоо хуулийн байгууллагууд дотор амь бөхтэй байсаар байна гэж хэлвэл онох байх. Дээр нэр нь дурдагдсан мөрдөгч Б.Бат-Олзвой, Т.Цэнджаргал нар үүний нэг тод жишээ. Ингэж хэллээ гээд тэд шүүхэд хандвал бүр сайн. Тэдний үйлдсэн гэмт хэргүүд тэгж байж нэг юм өөрсдийнх нь гараар шүүхийн шатанд очиж хэлэлцэгдэх боломжтой болно шүү дээ. Би зүгээр л гэрч шүү дээ.

Анхнаасаа л үнэнийг хэлсэн. Нотлох баримтууд интернетээр, сошлоор, CD-ээр, цаасаар хаа сайгүй тарчихсан. Намайг яаж ч оролдсон хэрэгт энэ нь ямар ч нөлөө үзүүлэхгүй. Хэдэн жил өнгөрсөн ч ялгаа байхгүй. Бүх зүйл хөдлөшгүй.

-ЭНЭ АСУУДЛЫГ ШУДАРГА ШҮҮХЭЭР ЯМАР НЭГ СҮҮЛ ҮЛДЭЭЛГҮЙ ЦЭГЦЛЭЭД ХУРДАН ДУУСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ -

-“60 тэрбум”-ын гэх хэргийг улс төрчид улс төрийн өшөө авах хэрэгсэл болгодог боллоо. Цаг хугацааны хувьд хэн нэгэнд ашигтай үед нь байнга сөхөгдөж гарч ирдэг уг хэргийг хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгаад шийдээсэй гэж хүсэх боллоо. Тэгэхгүй бол уг сэдвийг ашиглан зарим хүмүүс улс төрийн хожоо хийж байна. Энэ талаар та хувийн бодлоо илэрхийлнэ үү.

-Богино зайны улстөр шүү дээ тэр бол. Яахав, сүүлийн хэдэн жилийн үйл явдлыг агшаагаад базаад харах юм бол хойч үеийнхэний өмнө манай энэ цаг үеийн улстөрчид аль хэдийн нэр нүүрээ барчихсан. Би ч бас энэ асуудлыг шударга шүүхээр ямар нэг сүүл үлдээлгүй цэгцлээд хурдан дуусгаасай гэж хүсдэг. Сунжрах нь лав та бидэнд, залуу үеийнхэнд ямар ч хэрэггүй. Заримдаа их хөгжилтэй зүйлс ч дуулддаг юм.

Миний огт таньж мэдэхгүй, барааг нь ч харж байгаагүй улстөрчид намайг олж очоод уулзсан мэтээр арай л залах юм. Тэрүүхэн тэндээ өөрийгөө лаг харагдуулах гэж л тэгдэг байлгүй дээ. Тэрнээс биш, огт надтай тааралдаж байгаагүй хэрнээ намайг харлуулъя гэсэн бодлоор яриад явдаггүй л байлтай.

- 2016 оны сонгуулийн үеэр анх “60 тэрбум”-ын бичлэг олон нийтэд ил болсон. Энэ цаг үеэс хойш таныг хүмүүс янз бүрээр л хэлж, дүгнэж байна. Тухайлбал, нөхдийнхөө ярианы бичлэгийг олон нийтэд ил болгосон муу гэж ярих нь ч элбэг байдаг. Та энэ шүүмжлэлтэй хэр санал нийлдэг вэ?

-Эрүүл саруул шүүмжлэл байх нь зүйн хэрэг. Харин гэмт хэрэг үйлдэж байгааг хараад нүдээ аниад явахыг байх ёстой зүйл гэж хүлээж авч байгаа бол сэтгэлгээний хувьд бид уруудаж доройтож байна л гэсэн үг. Энэ хэргийг илчилсэн явдал нь үндэстний болон бидний хойч ирээдүйн эрх ашигт л нийцнэ. Өнгөрсөн хугацаанд намайг элдвээр их ч хэлж бичсэн. Одоо ч бас. Намайг нийгэмд жигшүүлэхийн тулд маш их гүтгэлгийг кампаничилан тарааж байсан. Одоо ч бохир пиар машин нь унтарчихаагүй, утаа хаялсаар л байна.

-2016 оноос хойш таны сэтгэл зүй, амьдралд янз бүрийн л үзэгдэл  болсон  байх. Сүрдүүлгээс эхлээд л. Энэ бүхнийг та яаж давж туулсан бэ.

-Мэдээж хатуу, хүнд, ширүүн, хэцүү үе их тохиолдсон. Тэр бүгдийг дурьдаад яахав. Надад их хэцүү байсан. Харин энэ бүх хугацаанд надад эрч хүч өгч, ар тал минь болж түшиж байдаг хүмүүст би үргэлж талархаж явдаг.

-2020 ОНД БИЧЛЭГ ДАХИН ГАРГАХГҮЙ-

-Таныг АН-аас их хэмжээний мөнгө авсан гэж ярих ч хүмүүс байдаг.

-Их хэмжээний мөнгө авсан, өндөр үнээр зарсан гэх мэтээр хэлж л байдаг юм. Үүнийг тараадаг, сэвдэг хэдхэн хүн л байдаг. Анх хэн, хаана ийм зүйл ярьсаныг би хавтаст хэргүүдтэй танилцаж байхдаа олж уншсан. Ц.Сандуй, А.Ганбаатар нар л хийсэн зүйл нь илэрчих гээд байсан учраас цаг хожихын тулд олны анхаарлыг шал өөр зүгт хандуулах гэсэн арга ядсан үйлдэл юм байна лээ.

-2020 оны сонгуулийн үеэр “60 тэрбумтай” холбоотой өөр нэгэн бичлэг ил болох юм биш биз. Эсвэл энэ үеэр тус хэрэг дахин сөхөгдөж магадгүй гэж хүмүүс  ярьдаг. Тэр үед таныг дахиад л уг хэрэгт холбогдуулах болов уу. Энэ бүхнээс болгоомжилж байгаа юу?

-Тийм зүйл болохгүй.

-Эцэст нь та юу нэмж хэлмээр байна?

-Ер нь ингээд хараад байхад, анх 2016 онд “60 тэрбум”-ын бичлэгийн зарим хэсгийг олон нийтэд хүргэсэн мөчөөс эхлэн М.Энхболд: “...Бичлэг бол эвлүүлэг. Би ийм уулзалтад оролцож байгаагүй гэдгээ маш сайн мэдэж байна...” гэдэг байсан бол 2017 онд: “...эвлүүлэг гэдгийг хуулийн байгууллагууд шалгаж тогтоогоод хэргийг хаасан...”, 2018 онд: “...намынхаа нэр хүндийг 60 тэрбумын асуудалд холбогдуулсандаа харамсаж байна...”, 2019 онд: “...тийм уулзалтад оролцож сонссон боловч хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй...” гэх мэтчилэн янз бүрээр “хариуцлагатайгаар” мэдэгдэж, эсвэл мессеж тарааж байгаагаас харвал тухайн үед надад “эвлүүлэгч” гэх нэрийг өгч байгаад хуулийн байгууллагуудад чиглэл өгч захиалсан болох нь маш тодорхой харагддаг. Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ТЕГ, АТГ, ЦЕГ-ыг дур тааллаараа хөдөлгөх эрх мэдэл байх ч үгүй.

-Ярилцсанд баярлалаа.