Мах болон хүнсний ногооны үнэ буурчээ

Мах болон хүнсний ногооны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний хүнсний барааны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны үнэ 

2021 оны 9 дүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10,906 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13,216 төгрөгийн үнэ ханштай байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 300 төгрөгөөр (2.2%), үхрийн цул махны үнэ 390 төгрөгөөр (2.6%) тус тус буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 11,000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16,000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 184 (1.7%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 477 (4.2%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8,500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14,500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2021 оны 9 дүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1,500-1,800 төгрөг, 1-р зэргийнх 1,300-1,600 төгрөг, 2-р зэргийнх 969-1,100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1,500-1,600 төгрөг, 1-р зэргийн гурил 1,300-1,400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1,430-1,540 төгрөгийн үнэтэй байна. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1,430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1,540 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2021 оны 9 дүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар буурч 859 төгрөгөөр, монгол лууван 1.1 хувиар буурч 2,321 төгрөгөөр, монгол хүрэн манжин 5.9 хувиар буурч 2,749 төгрөгөөр, сонгино 9.8 хувиар буурч 2,508 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна

Нийслэлийн статистикийн газар