У.Хүрэлсүх “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ

У.Хүрэлсүх “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ

Тажикистаны нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан энэ сарын 16-18-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгч, мөн Туркменистаны Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгч оролцов.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгаагаа дурдав.

Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг мэдэгджээ.