Шатахуун импортлогчид “АИ-92 авто бензин аравдугаар сар хүртэл тасарна” гэж мэдэгдэж байна

Шатахуун импортлогчид “АИ-92 авто бензин аравдугаар сар хүртэл тасарна” гэж мэдэгдэж байна

“Манай улс ОХУ-ын Рос-Нефть компаниас АИ-92 авто бензинийг авдаг. Гэвч үйлдвэрийн урсгал засвар үйлчилгээ, ОХУ-ын дотоод сонгууль, аялал жуулчлалын улирал зэргээс хамаарч тус улсын дотоодын хэрэгцээ эрс нэмэгдсэн.

Улмаар ОХУ өнгөрсөн сараас АИ-92, АИ-95 авто бензинүүдийн экспортод тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт хийхээ мэдэгдсэн. Тухайн үед АМГТГ-ын удирдлагууд “Гадуур хомсдол үүсээгүй, нөөц тодорхой хэмжээнд багассаны улмаас зарим аж ахуйн нэгж хязгаарлалт хийгээд байна. Бид аль болох хязгаарлахгүй, нөөцийг байгаагаар нь худалдаалахыг зорьж байгаа” гэж байв.

Мөн өчигдөрхөн/2021.09.20/ АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэбаяр “Бензиний нөөц багасаж байна. Гэхдээ хомсдол үүсээгүй. Нөөцийн хэмжээ багасаж буйг хомсдол гэж ойлгож болохгүй. АИ-92 авто бензиний үнийн хувьд өөрчлөлт гараагүй. Улаанбаатар хотын хэмжээнд 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа” гэсэн тайлбарыг хэвлэлд өгсөн. Гэвч бодит нөхцөл байдал тэс ондоо байна. Өчигдрөөс эхлэн  нийслэлчүүд АИ-92 бензиний эрэлж гарч, шөнөжин шатахуун түгээх газруудын гадаа оочерлож хонов. 

Нөгөө талаас шатахуун импортлогчид ч АИ-92 авто бензин тасалдаж буйг хэлж байна. Учир нь дээр дурдсанчлан “Рос-Нефть” компани дотоод хүчин зүйлсээс шалтгаалан АИ-92 авто бензинийг аравдугаар сар гарч нийлүүлэх төлөвтэй байгаа юм. Үүний улмаас өнөөдрөөс аравдугаар сар гартал нийслэлд АИ-92 авто бензиний тасалдал үүсэх нь тодорхой болов.