Г.Ёндон: БНХАУ-аас шатахуун ирэх хүртэл АИ-92 авто бензиныг хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт худалдана

Г.Ёндон: БНХАУ-аас шатахуун ирэх хүртэл АИ-92 авто бензиныг хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт худалдана

УУХҮ-ийн яам, АМГТГ-ын удирдлагууд болон импортлогч компаниуд шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаатай холбогдуулан гэрээнд заасан хамгийн доод хэмжээгээр буюу 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн.

Иймээс бид БНХАУ-ын “China oil” компанитай гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө төлж, вагоны кодоо авсан. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байсан. Гэтэл ОХУ 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ өчигдөр гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэсэн. Учир нь улсын төмөр зам ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Хоёр улсаас шатахуун авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.       

Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр бид БНХАУ-ын Элчин сайдад уламжилж, хүсэлтээ тавьсан.

Замын-Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. УБТЗ-ын 28-30 цистернийг суллан бэлдсэн байгаа. Бээжинд суугаа манай элчин сайд болон Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Эхний вагон 5-7 хоногийн дараа орж ирнэ. Тэр хүртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт л шатахуун худалдана.     

Үргэлжлүүлэн АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр “БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүсэх нөхцөл бүрэлдлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байгаа" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: