Г.Ёндон: Буруутай алба хаагчдад арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон

Г.Ёндон: Буруутай алба хаагчдад арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл  мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Шадар сайд халдварын нөхцөл, авч хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК, эрүүл мэндийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагуудад уялдаа холбоогоо сайуруулах чиглэл өгсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал хандуулахыг даалгасан.

Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосон” гэв.

Үргэлжлүүлэн УУХҮ-ийн яамны сайд Г.Ёндон дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-руу мөнгө нь төлөгдсөн аж ахуй нэгжүүдийн шатахууныг яаралтай татан авах гол ажлыг танилцсан.

Бид ОХУ-аас сар бүр 28 мянган тонн бензин авах гэрээтэй. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн бензин авах захиалга өгсөн. ОХУ-аас 17 мянган тонн бензин ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1 хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад бензин нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Бид найм хоногийн турш бензинийг хязгаартай худалдах боллоо. Бээжинд суугаа Элчин сайд ноот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдрүүд байв. Зам тээврийн яам, ГХЯ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хөх хотоос Жинин боомтод саатаж, Замын-Үүдээр дамжин бензин ачсан галт тэрэг орж ирнэ. Тээврийг аль болох хурдан хийхээр ажиллаж байна. Учир нь хоёр галт тэрэгнээс нөгөө рүү нь ачна, агуулахад буулгасны дараа аж ахуйн нэгжүүд авах гээд олон шат дамжлага бий.

Ерөнхий сайд шатахууны хомсдол үүсэхэд алдаа гаргасан, буруутай албан хаагчдад хариуцлага тооцож, арга хэмжээ авах үүрэг өгсөн нь үнэн” гэв.