“Эрдэнэбүрэнгийн УЦС барихтай холбогдуулан 258 айл өрх, түүхийн дурсгалт газрыг нүүлгэн шилжүүлнэ”

“Эрдэнэбүрэнгийн УЦС барихтай холбогдуулан 258 айл өрх, түүхийн дурсгалт газрыг нүүлгэн шилжүүлнэ”

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц/УЦС/ барихтай холбогдуулан 258 айл өрх, түүхийн дурсгалт газруудыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. 

Энэ талаар ЭХЯ-ны газрын дарга И.Лувсанцэрэн “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сан нийтдээ 9.8 мянган га газрыг эзэлж байгаа. Тус 9.8 га газарт 258 айл өрх, 204 газар 630 ширхэг түүх соёлын дурсгалт газар байгаа гэдгийг судалгаагаар тогтоосон. Энэхүү судалгааны ажлуудыг байгаль орчин, түүнийг дагалдах хууль, журмын дагуу тухайн газар нутагт нь очиж  хийсэн.

Нөлөөлөлд өртөж байгаа айл өрхийг авран хамгаалах ажиллагааны санхүүжилт 11.5 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс айл өрхийг нүүлгэн шилжүүлэх нөхөн олговорт 9.5 тэрбум төгрөг, түүх соёлын өвийг хамгаалах арга хэмжээний зардалд 1.7 тэрбум төгрөгийг тус бүр төлөвлөсөн.

Газрыг тусгай хэрэгцээнд авах журмын дагуу жил бүр улсын төсөвт тусгаж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн шатны засаг даргад эрхийг нь шилжүүлнэ. 258 айл өрх маань тухайн шатны засаг даргатайгаа гэрээ хэлэлцээр хийгээд нөхөн олговороо авах бүрэн боломжтой" гэв. 

УСЦ барих төсөл 61 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд нүүлгэн шилжүүлэх, түүх соёлын өвийг авран хамгаалах үйл ажиллагааг 2022-2025 оны хооронд хийж гүйцэтгэнэ гэдгийг албаныхан хэллээ. 

Г.Хулан