Х.Нямбаатар: С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой эрүүгийн хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байна

Х.Нямбаатар: С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой эрүүгийн хэргүүд мөрдөн байцаалтын шатанд явж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрүүдийг салбарын сайд нар танилцууллаа.

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох Т.Чимгээ, Б.Содномдаржаа, .Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн мөрдөн байцаалтын талаар асуулаа. 

Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдох хэргийг 2017 онд гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, тус бүрд нь хорих ял оногдуулсан. Тухайн хүмүүсийг ялаа эдэлж байхад өмгөөлөгч нар “хэргийг мөрдөн шалгах явцдаа эрүүдэн шүүсэн” гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шалгагдсан. 2021 онд Улсын дээд шүүхээс хэргийг шалгах явцдаа эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг шийдвэр гаргасан. Улмаар гурван шатны шүүхийг хүчингүй болгосон учраас тухайн хүмүүс эрх чөлөөтэй байна.

Хэрэг мөрдөн байцаалтад буцсан учраас шинээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газар дээр байгуулсан байгаа. Цагдаагийн Ерөнхий газраас тодорхой бие бүрэлдэхүүн орсон. С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой хэд хэдэн эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа. Нэгдүгээрт, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчсөн, Хоёрдугаарт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэрэг, Гуравдугаарт, Үндсэн хэрэг буюу сая буцаасан хэрэг юм. Тагнуулын Ерөнхий газар дээр байгуулсан ажлын хэсэг уг мөрдөн байцаах ажлын талаар тодорхой мэдээллүүдийг өгөх байх. Хууль зүй, Дотоод хэргийн яам мөрдөн байцаах ажиллагаанд шууд гэдгийг хэлье” гэв.