Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар маргааш томилно

Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар маргааш томилно

-"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ТУЗ МАРГААШ ХУРАЛДАНА-

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбатыг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар маргааш /2021.10.01/ томилох аж. Эх сурвалжийн мэдээлснээр "Эрдэнэс  Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал маргааш 15.00 цагт хуралдаж уг асуудлыг хэлэлцэх аж. “Эрдэнэс Оюутолгой” компани нь Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монгол талын компани юм.

Н.Цэрэнбатын хувьд Байгаль орчин аялал, жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа өөрийн бизнесийн хамтрагч найзынхаа данс руу 200 сая төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ огт тендер шалгаруулалгүйгээр шууд бэлэн өгсөн гэх хэрэгт нэр холбогдож байсан. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон мөн Тендерийн хууль зөрчсөн үйлдэл юм. Хамгийн ноцтой нь өөрийнх нь өгсөн үүрэг даалгавраар “Эрдэнэзул” компани руу шилжүүлсэн мөнгө Н.Цэрэнбатын төрсөн дүүгийн данс руу орсон байж болзошгүй асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй аж.

Мөн түүнийг зургаан компаниараа дамжуулан нийт 4.2 тэрбум төгрөгийн тендерийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан гэх мэдээлэл өмнө нь хэвлэлд гарч байв. Ямартай ч 2020 оны сонгуулиас хойш нам гүм байсан түүнийг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилж байна. МАН-ын хувьд 2020 оны сонгуульд квот өгч чадаагүй бүтэхгүй нэртнүүдээ "Эрдэнэс Монгол" ХХК-д албан тушаалд томилж гомдолгүй болгож байгаа юм. Тухайлбал, ЖДҮ-ийн хэрэгт мөн нэр холбогдож байсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг тус компанийн дэд захирлаар томилсон билээ.