Г.Занданшатар: Засгийн газрын бодлого, шийдвэрийг УИХ байнга дэмжиж ажиллана

Г.Занданшатар: Засгийн газрын бодлого, шийдвэрийг УИХ байнга дэмжиж ажиллана

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы нээлт 10.00 цагт өнөөдөр боллоо. Ээлжит чуулганы нээлт 74.3 хувийн ирцтэй байв.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аас баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд коронавирусний шинжилгээнд хамрагдаж, танхимаар хуралдах боллоо. Энэ удаагийн чуулганы зорилго нь цар тахлын эрсдлийг даван туулж, сорилтыг оновчтой шийдвэрлэх асуудал юм. Манай улс иргэдийн 65 хувийг дархлаажуулалтад цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Халдварын улмаас 1204 хүн нас барлаа. Эдгээр иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Мөн бүх шатны сургуулийн орчинд коронавирусний халдвар тархахаас сэргийлэх, нийтийг хамарсан үйл ажиллагааг оновчтой менежментээр зохион байгуулах, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж хүргэх чадавхыг дээшлүүлэхийг УИХ-ын дарга холбогдох албаныханд анхааруулав. Мөн байнга хувьсан өөрчлөгдөж буй халдварыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн оролцоо, төр засгийн хамтын хүчээр даван туулна гэдгийг УИХ-ын дарга онцлоод дэлхий нийт ч энэ чиглэлд анхаарч байгааг дурдав.

Тэрбээр, “Инфляци зорилтот түвшнээс давж, валютын нөөц багассан. Эдийн засгийн өсөлт удааширч, энэ оны эцсээр 5.1 хувь байх төсөөлөл гарсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцэс үеийнхтэй харьцуулахад 8.9 хувиар өссөн нь иргэдийн амжиргаанд хүндээр тусаж байна. Ийм нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй, шийдвэр нь оновчтой, иргэдийн дуу хоолойг сонсдог байхыг иргэд хүсэж байна.

Засгийн газрын бодлого, шийдвэрийг УИХ байнга дэмжиж байгаа. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавих болно. Саяхан шатахууны хомсдол үүсэж, иргэдийг багагүй бухимдуулсан. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүй гэдгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой” гэв.

УИХ-ын намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийг тодорхойлох чуулган болно гэдгийг мөн тэрбээр дурдсан юм. Энэ хүрээнд бодлогын реформ хэрэгжүүлж, уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга онцлов. Түүнчлэн бизнесийн таатай орчинг бүрдүүлж, өрсөлдөх чадварыг дэмжих хууль, эрхзүйн орчинг сайжруулах шаардлагтай байгаа бөгөөд УИХ энэ чиглэлийн хуулийг бизнес эрхлэгч, татвар төлөгчийн нүдээр харж, батална гэдгийг мөн дурдлаа.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсвийн үр ашгийг нэмж, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийг халамжаар тэтгэх бус ажил эрхлэх боломжоор хангах, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах санхүүжилтийг шийдвэрлэх, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт олгох эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн салбарт олгох зорилт дэвшүүлж буйг УИХ-ын дарга танилцууллаа.

Чуулганы нээлтэд гадаад орнуудаас Монгол Улсад сугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Улаанбаатар хотын удирдлагууд, УИХ-аас томилдог албан тушаалтнууд цахимаар оролцов.

УИХ-ын тухай хуульд “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасны дагуу УИХ-ын чуулганыг дээрх хугацаанд эхлүүлж буй юм.