М.Даваажаргал: Зодог тайлах шийдвэрийг огт эргэлзэлгүй гаргасан, сэтгэл минь ихэд уужраад байна

М.Даваажаргал: Зодог тайлах шийдвэрийг огт эргэлзэлгүй гаргасан, сэтгэл минь ихэд уужраад байна

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дахь Их аварга “Ёкозүна” Хакухо М.Даваажаргал зодог тайлах шийдвэрийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрээр өчигдөр /2021.10.01/ дэвжээний багш Миягиногийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Хэвлэлийн хурал. 2021.10.01

ТОДРУУЛБАЛ;

Хакухо М.Даваажаргал хэвлэлийн хурлын үеэр, “зодог тайлах шийдвэрийг огтхон ч эргэлзэлгүйгээр гаргасан бөгөөд одоо сэтгэл минь ихэд уужраад байна” хэмээжээ. Мөн тэрээр, “20 жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн мэт санагдаж буйг онцлоод, өөрийгөө сүмод сэтгэлээ өгсөн аз жаргалтай нэгэн” хэмээн тодорхойлжээ.

Хакухо М.Даваажаргал дэвжээгээ орхих эцсийн шийдвэрээ энэ оны долоодугаар сарын Нагоя башёгийн 10 дахь өдөр гаргасан байна.

Учир нь, тэрээр “Нагоя башё”-д өрсөлдөхдөө хоёр оронтой тоо бүхий даваа авахыг зорьж, энэхүү зорилтдоо хүрсэн 10 дахь өдрөө дэвжээний багш, арын албаныханд зодог тайлна гэдгээ хэлсэн байна. Тийнхүү өвдөгний бэртлийн улмаас ямар ч эргэлзээнгүйгээр энэхүү шийдвэр гаргаснаа нэмж хэлжээ.

Хакухо М.Даваажаргал өнгөрсөн оны наймдугаар сард өвдгөндөө мэс засал хийлгэж, түүний дараа коронавирусээр халдварлаж, энэ оны гуравдугаар сард өвдгөндөө дахин мэс засал хийлгэсэн байна. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Хакүхо М.Даваажаргал дэвжээний багшдаа талархал илэрхийлээд, “ояката” дасгалжуулагч болохын төлөө бүхнийг эхнээс нь суралцана” гэжээ.