М.Лхагвагэрэл эрэгтэйчүүдийн хүнд жинд ДАШТ-ий анхны медальтан боллоо

М.Лхагвагэрэл эрэгтэйчүүдийн хүнд жинд ДАШТ-ий анхны медальтан боллоо

Энэ аравдугаар сарын 02-ны өдөр /2021.10.02/ Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн нийслэл Осло хотод албан ёсоор эхэлсэн билээ.

Тэгвэл 125 кг-ын жинд “Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн “Жордал Амфи” ордонд Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа.

Тэрбээр ийнхүү Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна.

Тэрбээр эхний өдрөө 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өчигдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялсан байна.