Өнгөрсөн сарын 30-нд /2021.09.30/ Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлэх юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан хөгжүүлж буй Хэнтий аймаг, Норовлин, Биндэр сум дахь "Их хуралдай", "Их засаг-Шихихутаг" цогцолборын тохижилт, шугам сүлжээний ажилд 2022 онд төсвийн хөрөнгөнөөс нийт 3.3 тэрбумыг төсөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачлан Хэнтий аймгийн Биндэр, Батноров, Норовлин суманд аялал жуулчлалын төв бүсийг байгуулах шийдвэрийг гаргаж "Хүлэг Боорчи-Андлалын өргөө", "Их хуралдай", "Их засаг-Шихихутаг" зэрэг цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлсэн билээ.
Энэ нь Монгол үндэстний өвөрмөц зан заншил, соёл, урлаг, түүх уламжлал тэр дундаа Чингис Хаантай холбоотой газар нутаг, түүх соёлын дурсгалтай танилцах, хүндэтгэх хүсэлтэй дотоод, гадаадын жуулчид, зочдын урсгалыг нэмэгдүүлэн соёлын өвөө хамгаалах, сэргээн амилуулах, бүтээн босгох, дэлхий дахинд монгол түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах боломжийг нээх зорилготой гэж тайлбарлаж буй ч барилгын ажлууд чанаргүй хийгдсэнээс үүдэн "Андлалын өргөө"-г нураасан үйл явдал өнгөрсөн сард гарсан юм. Цаашлаад "Их засаг-Шихихутаг", "Их хуралдай" цогцолборын бүтээн байгуулалтын ажил чанар, стандартын шаардлага хангаагүй гэх шүүмжлэлд ч мөн өртөөд байгаа. Гэсэн хэдий ч тус хоёр бүтээн байгуулалтын ажлын интерьер, гадна шугам сүлжээ, зоорийн ажил,тохижилтын ажилд нийт 3.3 тэрбумыг төсөвлөжээ.