БНСУ-ын MBC телевизийн мэдээний хөтөлбөрөөр энэ сарын 1 /2021.10.01/-ний өдөр Монгол дахь Солонгос элчингийн визний консулын ажилтан хүчирхийллийн хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг олон нийтэд хүргэжээ. Уг мэдээ текст хэлбэрээр тус телевизийн сайтад тавигдсан байна. Нийтлэлд,
“Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд бэлгийн дуулиан, бэлгийн хүчирхийлэл, виз олголтын авлигаас авахуулаад янз бүрийн хэрэг гардаг. Харин энэ удаад Солонгосын Элчин сайдын яамны консул монгол эмэгтэй рүү дайрч, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хэргээр цагдаагийн газарт шалгагдаж байгаа нь илэрчээ.
Уг хэрэг 2019 оны хоёрдугаар сард болсон байна. Тодруулбал, Солонгосын Элчин сайдын яамны консул архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлжээ. Тухайн үед А Гадаад хэргийн яаманд өгсөн тайлбартаа өөрийгөө согтуу биш байсан бөгөөд бүсгүйг “албадсан, хүчирхийлсэн зүйл байхгүй, харин биед нь хөнгөн хүрсэн” гэсэн байна.
Гэвч хохирогч бүсгүй хувцсыг нь хүчээр тайлахыг оролдож буй А-ийн бичлэгийг цагдаа нарт өгчээ. Мөн хэрэг гарсан даруйд очсон өөр нэгэн консул “А согтуу байсан бөгөөд харилцахад хэцүү байсан” талаар ярьсан байна.
Уг хэргийн маргааш нь А хохирогчид 5 сая вон өгч, тохиролцсоноор бүсгүй гомдлоо эргүүлэн татсан аж. Үүгээр ч зогсохгүй Солонгос руу виз хүссэн хохирогч эмэгтэйн визийг хууль бус гэдгийг мэдсээр байж нэг өдрийн дотор гаргаж өгсөн байгаа юм.
Харин засгийн газраас А-д “хоёр сарын цалингийн торгууль” оноож, хохирогчтой тохиролцоо хийсэн гэдэг шалтгаанаар хамгийн хөнгөн шийтгэл буюу сахилгын шийтгэл оногдуулсан байна. Бид А-тай хэд хэдэн удаа холбогдож тайлбар авах гэсэн боловч хариу өгөөгүй болно.
Эх сурвалж: MBC