Д.Тогтохсүрэн: Ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар төсвийг дэлгэрүүлж, шатахууны хомстолын асуудлыг хэлэлцэнэ

Д.Тогтохсүрэн: Ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар төсвийг дэлгэрүүлж, шатахууны хомстолын асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2021.10.04/ хуралдлаа. МАН-ын бүлгийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийг хэлэлцэж ач холбогдлоор нь эрэмбэлжээ.

Намрын чуулганаар нийт 250 хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнээс эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах хуулийн төслүүдийг эхний ээлжинд яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх эрх зүйн шинэчлэлийн хуулиудыг ойрын хугацаанд хийх шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, Парламентын хяналтын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт. 

Цаашлаад 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хуулийн хугацаанд нь батлах шаардлагатай гэдэгт өнөөдрийн бүлгийн хурлаар гишүүд санал нэгджээ. Мөн Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын сангийн тухай хууль, Төрийн болон нийтийн өмчийн тухай хууль, Газрын тухай хууль, Төрийн өмчид компанийн хууль гэх мэт эдийн засгийн эрс шинэчлэлийн тухай хуулиудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна гэдэгт санал нэгдсэн байна. 

Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "Ирэх долоо хоногт буюу энэ сарын 11-ны бүлгийн хурлаар төсвийг нэг, нэгэндгүй ярилцана. Дараа нь ажлын хэсэг гарч ажиллана. Юуг хэлэлцэх, хэлэлцэхгүйг шийднэ. Шатахууны хомстол үүссэн асуудлаар ирэх долоо хоногт мөн хэлэлцэнэ. Шатахуун, ковидын нөхцөл байдал уул уурхайн экспорт, импорт гэх мэт хэлэлцэх асуудал их байна" гэлээ.