Саиед Моллай Герман руу буцжээ

Саиед Моллай Герман руу буцжээ

​Өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, батламж гардуулсан. Энэ үеэр олимпын наадмын жүдо бөхийн -81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд хоёр өрөө байр, 60 сая төгрөгийн шагнал гардуулсан билээ.

Тэрбээр шагнал авсныхаа дараа “Саеид Моллай Германд үлдсэн, Саиед Моллай Германы иргэншилтэй болсон гэх мэт маш олон худал мэдээллийг би харсан. Надад Монгол Улсын паспорт бий. Би Монгол Улсын иргэн. Би маш аз жаргалтай байна. Энэ медалийг би Монголын ард түмэнд зориулсан. Би Монголын иргэн гэдгээ хэзээ ч мартахгүй. Монголчуудад хандаж хэлэхэд худал мэдээнд бүү итгээрэй. Заримдаа би Герман руу ажлаар явдаг. Гэхдээ Миний эх орон бол Монгол. Хэсэг амралтын дараа би бэлтгэлдээ хамрагдаж Парис 2024-нд Монголын тугийн дор оролцож, маш сайн үр дүн үзүүлэх болно” гэж байсан юм.

Тэгвэл Саиед Моллай Герман /ХБНГУ/ руу буцсан гэх мэдээлэл байна. Мөн тэрбээр өчигдөр /2021.10.03/ өөрийн инстаграм хуудастаа Германд байгаа зургаа оруулжээ.

Төрийн хүндэтгэл ёсоор Ерөнхийлөгч мөн тамирчдыг хүлээж авч уулзах уламжлалтай. Бид Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар албаны хүнээс тодруулахад “Одоогоор хэзээ хүлээн авах нь тодорхойгүй болоогүй байна. Тодорхой болмогц олон нийтэд зарлана” гэсэн хариултыг өгсөн юм. Ташрамд дурдахад, Монголын Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэл хийхдээ Саиед Моллайд “байр болон Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгоно” гэж байсан билээ.