ДАШТ: Ослод өнөөдөр манай ДӨРВӨН бөх барилдана

ДАШТ: Ослод өнөөдөр манай ДӨРВӨН бөх барилдана

Энэ аравдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Норвегийн Ослод чөлөөт бөхийн ДАШТ болж байгаа билээ.

Тэгвэл тус тэмцээний гуравдах өдөр буюу өнөөдөр /2021.10.04/ манай улсаас эрэгтэй 70 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэй 55 кг-д Э.Сумьяа, 62 кг-д Э.Гантуяа нар барилдах юм.

Эрэгтэй 70 кг-ийн жинд өрсөлдөх Б.Батмагнай 1/8 финалд Иван Кусяк (Украин), Даниел, Антал (Унгар) хоёрын ялсантай барилдах бөгөөд тэрбээр эхний барилдаандаа давахад Буриадын Евгений Жербаевтай таарах магадлал өндөр аж.

Харин 97 кг-ийн жинд өрсөлдөж буй Ө.Батзул тэгшитгэлд 2020 оны Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Канадын Nishan Preet Singh RANDHAWA-тай таарсан. Түүнийг ялбал олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, АНУ-ын Кайл Снайдертай барилдана.

Мөн эмэгтэй 55 кг-д нийт 14 бөх барилдах бөгөөд Э.Сумьяа эхний тойрогт 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын сүүлийн хоёр жилийн аварга, ОХУ-ын Ольга Хорошавцеватай барилдана гэжээ.

62 кг-д Э.Гантуяа АНУ-ын Кайла Мираклетэй таарсан бөгөөд тэрбээр энэ жилийн  Панамерикийн аварга юм.