АНУ-ын био бэлдмэл, эмийн үйлдвэрлэлийн “Мерк”/Merck/ болон “Ridgeback Biotherapeutics” компаниуд өнгөрсөн Баасан гараг/2021.10.01/-т коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдэлээс 50 хувь хамгаалах эм бүтээсэн талаар мэдэгджээ.
“Molnupiravir" гэх уг эмийг биеийн байдал нь хөнгөн болон дунд зэрэг байгаа өвчтөнүүд хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд коронавирусийг дарангуйлах үйлчилгээтэй аж.
Эмийн гурав дахь шатны туршилтад АНУ, Бразил, Итали, Япон, Өмнөд Африк, Тайван зэрэг орнуудын 775 иргэн оролцсон байна. Туршилтад оролцогчид бүгд вакцинд хамрагдаагүй бөгөөд ихэнх нь илүүдэл жин, чихрийн шижинтэй, зүрх судасны өвчтэй, 60-аас дээш насны иргэд байжээ.
Оролцогчид бүгд лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан байсан бөгөөд шинж тэмдэг илэрч эхэлснээс тав хоногийн дотор санамсаргүйгээр сонгож, молнупиравир эм болон плацебо/идэвхгүй нэгдэл/ тарьсан байна.
Ингэхэд молнупиравир эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 7,3 хувь нь эмнэлэгт хэвтсэн бол плацебо тариулсан өвчтөнүүдийн 14,1 хувь нь эмнэлэгт хэвтсэн байна. Мөн туршилтын 29 хоногийн хугацаанд молнупиравир уусан өвчтөнүүдийн дунд нас баралт бүртгэгдээгүй аж. Мөн эмийн нэг давуу тал нь коронавирусийн бүх төрлийн хувилбарын эсрэг үйлчилгээ үзүүлж чадах нь судалгаагаар батлагдсан байна. Цагаан ордны эмнэлгийн ерөнхий зөвлөх, доктор Энтони Фауки "Маш сайн мэдээ дууллаа. Эмийг бүтээгч компаниуд тун удахгүй судалгааны тайлангаа FDA –д өгөх болно гэж мэдэгдсэн” гэжээ.
Эх сурвалж: CNBC