“АИ 92 бензины нөөц хангалтгүй болж багасах болсон” гэж Сод монгол ХХК-иас мэдэгдлээ

“АИ 92 бензины нөөц хангалтгүй болж багасах болсон” гэж Сод монгол ХХК-иас мэдэгдлээ

Өнөөдөр /2021.10.05/-өөс яг 14 хоногийн өмнө манай улс шатахууны хомстолд орж, энэ байдал долоо хоног үргэлжилсэн. Харин өнгөрсөн долоо хоногт АИ 92 автобензины тодорхой хэмжээний нийлүүлэлт ОХУ болон БНХАУ-аас хийгдсэн.

Тодруулбал, ОХУ болон БНХАУ-аас манай улсад нийлүүлсэн 9750 орчим тонн АИ-92 автобензин нь 8 хоногийн нөөц болохыг Засгийн газраас мэдэгдэж байв.

Тэгвэл АИ 92 автобензины борлуулалт дахин хязгаарлагдаж болзошгүй байна.

Учир нь Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай тушаал өнөөдөр /2021.10.05/ гарчээ.  Тус тушаалд, “2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон” хэмээжээ.