ЗГ-аас санаачилсан "Ковидын хууль"-ийн балгаар ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД төлсөн иргэдийн мөнгө шавхагдах эрсдэлд оржээ

ЗГ-аас санаачилсан "Ковидын хууль"-ийн балгаар ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД төлсөн иргэдийн мөнгө шавхагдах эрсдэлд оржээ

2021 онд Эрүүл мэндийн даатгалын санд нийт 1.2 их наяд төгрөг төсөвлөгдсөнөөс 900 тэрбумыг нь зарцуулжээ. Энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар тус сангаас дахин 130 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдлээ. Түүний мэдэгдлээс үзвэл энэ оны сүүлээр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө шавхагдаж дуусах нь. 

Ирэх оны төсөвт эмч нарын цалингийн нэмэгдэл огт тусгагдаагүй. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас эмч, сувилагч нарын цалингийн нэмэгдлийг зохицуулж болно гэж тооцож байгаа аж.  

Эрүүл мэндийн даатгалын санд жил бүр 500 гаруй тэрбум төгрөг үлддэг. Уг мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг юм. Гэтэл энэ онд тус нөөц шавхагдахаас гадна улсын төсвөөс 200 гаруй тэрбум төгрөгийг нэмж авах бөгөөд энэ нь эмчилгээний үйлчилгээний зарлагад хүрэлцэхгүй нөхцөл байдалд хүрсэн гэж албаныхан өчигдөр холбогдох байнгын хорооны хуралдааны үеэр учирлав. Ямартай ч тус сангийн нөөц хөрөнгө дуусч хүндхэн нөхцөл байдалд орж болзошгүй байна. 

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын чуулганаар "Ковидын хууль"-ийг сунгасан. Харин энэ үеэр УИХ-ын зарим гишүүд “Иргэдийн төлж байгаа Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын мөнгийг эздээс нь асуухгүйгээр, зарцуулах эрхийг нь Засгийн газар авах гэж байна. Сүүлийн жилүүдэд коронавирустэй тэмцэхэд зарцуулсан гэх мөнгөний тайлангаа ил болгоогүй байж иргэдийн ЭМД-ын мөнгийг зөвшөөрөлгүй үрж болохгүй” гэж эсэргүүцэж байв.

Учир нь, ковидын хуулийн төслийн 7.1.37 -д “Коронавируст халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах” гэж тусгасан байдаг. Төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Товхондоо, тус хуулийг баталж иргэдийн сар бүр төлдөг ЭМД-ын мөнгийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авч, коронавирусийн халдвартай тэмцэхэд зарцуулж эхэлсэн юм. 

Ажил олгогч болон ажилтан цалингийнхаа 2 хувийг ЭМД-д сар бүр төлдөг билээ. Гэтэл бидний улсад төлсөн Эрүүл мэндийн даатгалын татварыг ковидод зарцуулаад дуусгаж байна. Үр дүнд нь иргэн өвдөөд хэвтэхэд Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн татварынхаа үр ашгийг хүртэж чадахгүй нөхцөл байдалд орж мэдэхээр байна. 

Манай улсыг “коронавирусийн халдвартай тэмцээрэй” гэж Дэлхийн банк, Европын холбоо зэрэг Олон Улсын байгууллага, гадаадын улс орнуудаас өгсөн ам.доллар, мөн улсын төсвөөс гаргасан мөнгөний зарцуулалт өнөөдрийг хүртэл тодорхой бус байна гэж шүүмжилж буй юм.

Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.