С.Одонтуяа: Өвөлжилтийн бэлтгэл хангаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооц

С.Одонтуяа: Өвөлжилтийн бэлтгэл хангаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооц

Сүүлийн хэд хоног шахмал түлш ховордож иргэд түлшиндээ оочерлож бухимдал үүсээд байгаа. Энэ талаар нийслэлээс сонгогдсон гишүүн УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаас тодрууллаа.

-Та БГД-ийн шахмал түлш борлуулах цэгээр явж нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан гэсэн. Байдал ямар байсан бэ?

-Шахмал түлшний асуудал нийслэлд хамгийн тулгадсан асуудал болоод байна.       10 дугаар сарын 4-ны орой Баянгол дүүргийн гэр хорооллуудаар явж шахмал түлшний цэгүүдтэй танилцлаа. Дийлэнх нь хаалттай байна. Намайг БГД-ын Засаг даргаар ажиллаж байхад 40 цэг ажиллаж байсан. Ходбогдох хүмүүсээс асуухад одоогийн байдлаар 12 цэг гэрээ байгуулсан гэдэг мэдээлэл өгсөн. Гэрээ байгуулсан цэгүүд дээр очоод үзье гэхээр ихэнх нь түлш байхгүй гэдэг шалтгаанаар хаалгаа барьж хоёрхон цэг л ажиллаж байна. БГД бол маш том дүүрэг гэтэл 4-ны 19:00 цагийн байдлаар хоёрхон цэг ажиллаж байна. Энэ бол маш шүүмжлэлтэй асуудал. Иргэд бухимдахаас өөр аргагүй.

-Шахмал түлшний хүрэлцээ муу байгаагаас айлууд гал алдаж нялх хүүхэдтэй, хөгшин хүмүүс ч бүр хэцүүдэж байна гэсэн гомдлууд тасрахгүй байгаа?

-300 өрх тутамд нэг цэг байхаар зохион байгуулагдсан.Тэгэхээр БГД-т 40 цэг байх ёстой. Нийслэлийн хэмжээнд 206 мянган өрх түлшний асуудалтай тулгарна гэсэн үг. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Гол асуудал нь түлш үйлдвэрээсээ ирэхгүй байгаа юм байна. Яаралтай шийдэхгүй удах юм бол иргэд эрүүл мэндээрээ ноцтой хохирох болно. Улирлын чанартай ханиад томуу нэмэгддэг энэ үед мөн дээрээс нь ковидын халдвар ийм их байгаа үед даарсанаас болоод хүндрэх, цаашлаад амь насаа алдвал хэн хариуцлага хүлээх юм.

Эдийн засгийн хохирлыг хэн хариуцах юм. Түлшгүй иргэд цахилгаан халаагуур залгана. Тэр цахилгааны мөнгийг иргэд тодорхой хэсгийг нь төлөөд үлдсэнийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх үү?

-Холбогдох албан тушаалтнууд хангалттай биелэлттэй байгаа гэж мэдээлээд байгаа шүү дээ?

-Гол нь гэнэт нэг өдөр хүйтрээгүй. Яагаад сайд болон холбогдох хүмүүс урьдчилж төлөвлөж асуудлаа шийдээгүй юм бэ? гэдэг л хамгийн шүүмжлэлтэй асуудал. Гэнэт нэг өдөр газар хөдөлсөн бол өөр хэрэг. Энэ бол замбараагүй зохион байгуулалтгүй төлөвлөгөөгүй байсны илрэл. 8 дугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түлшний компани дээр очиж үүрэг даалгавар өгсөн байхад өнөөдөр яагаад ийм байдалтай байгааг ойлгохгүй байна.

Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Таван толгойн түлш компанийн ажилтан ярилцлага өгсөн байна лээ. Манай үйлдвэрийг нүүлгэж магадгүй гээд шийдвэр нь тодорхойгүй байсан учраас зун ажиллаж нөөцөлж чадаагүй гэдэг тайлбарийг өгсөн байсан. Тэгэхээр энэ эргэж буцсан шийдвэрээ болих хэрэгтэй. Нэн яаралтай Н.Тавинбэх сайд холбогдох албан тушаалтнууд түлшний асуудлаа яаралтай шийд.

Шат шатандаа хариуцлагагүй байсны үр дүнд иргэд байнга хохироод байж болохгүй.




Өнөөдөр морь өдөр

18 минутын өмнө