Завханы Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зуржээ

Завханы Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зуржээ

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Завхан аймгийн ИТХ-д Монгол Ардын намаас 21, Ардчилсан намаас 19, нэг бие даагч төлөөлөгч ажилладаг.

Өнөөдрийн байдлаар Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах бичигт сөрөг хүчин Ардчилсан намын 19 гишүүнээс гадна МАН-ын 12 гишүүн, нэг бие даагч гарын үсэг зуржээ. Ингэснээр ИТХ-ын дийлэнх олонх буюу 32 төлөөлөгчийн саналаар Д.Түвшинжаргалыг Засаг даргаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь тодорхой болж байна.

Д.Түвшинжаргалын хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн багийн хамтрагч бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн дэмжлэгээр Завхан аймгийн Засаг даргаар 2020 оны арванхоёрдугаар сард томилогдсон. Түүнийг огцруулах асуудлыг хөндөж буй нь МАН-ын бодлого орон нутагт унаж буйг гишүүд нь хагарч эхэлснийг илтгэж байна хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг удахгүй ИТХ-аар ярилцах аж. 

Сануулахад, өнгөрсөн наймдугаар сард Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Золжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж М.Батжаргалыг томилсон билээ.