Ц.Даваасүрэн: Гадаадын иргэн байр худалдаж авсан л бол шууд оршин суух эрхтэй байж болохгүй

Ц.Даваасүрэн: Гадаадын иргэн байр худалдаж авсан л бол шууд оршин суух эрхтэй байж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тухайн байгууллагын 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавьдаг уг шаардлагыг байхгүй болгохоор тусгажээ. Гэхдээ хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад 50 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан байна. Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг боловсруулжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асуув.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар аж ахуйн нэгж байгуулахад тогтоосон 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгохоор тусгасан шалтгааныг тодруулав.

Монгол Улсад өмнө нь гадаадын хөрөнгө оруулалттай 900-1500 компани жил бүр байгуулагддаг байсан бол 2013 оноос хойш 300-400 орчим байгааг хууль санаачлагч Х.Ганхуяг гишүүн дурдлаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах тоо буурсан шалтгаан нь 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 100 мянган ам.долларын босго тогтоосонтой холбоотой гэдгийг мөн онцолсон юм. Мөн уг 100 мянган ам.долларыг түр дансанд хадгалдаг нь ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсон шалтгаануудын нэг байсныг дурдав.

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргалаа. Учир нь энэ хуулийн төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа гадаадын иргэдэд олон удаагийн виз олгох асуудлыг тусгасан бөгөөд энэ асуудал нь Үндэсний аюулгүй байдлын хүрээний зүйл гэдгийг онцлов. Түүнчлэн визтэй холбоотой асуудал нь хөрш орнуудын болоод гуравдагч хөршийн бодлогын асуудал хөндөгддөг тул хаалттай хэлэлцэх нь зөв хэмээлээ. Гэвч уг саналыг олонх дэмжсэнгүй.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, гадаадын иргэн Монгол Улсад байр худалдаж авсан л бол шууд оршин суух эрхтэй болох ийм хуулийн төслийг оруулж ирсэн байна. Нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй байж байр, машин худалдаж авсан баримтаа үзүүлээд оршин суудаг байж болохгүй” хэмээв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Ц.Даваасүрэн гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд хуулийг цааш хэлэлцэх бол уг заалтыг хасах хэрэгтэй гэсэн санал хэлж байв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.9 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлэв.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө